Хорио цээрийн дэглэмийн хугацааг нэг сараар сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд онцгой комисс хуралдаж, малын мялзан төст өвчний эсрэг вакцинжуулалтын ажил мөн цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. Мялзан өвчингийн тархалт зогсоогдсон ч уг өвчин гарсан Булган сумын хоёр багт тогтоогдсон хорио цээрийн дэглэмийн хугацааг нэг сараар сунгаж, дэглэмийг чангатгажээ.
Уг хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, ЗДТГ-ын дарга Х.Тилеген, аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан болон онцгой комиссын гишүүд оролцлоо.
Мөн мялзан болон шүлхийн эсрэг вакцинжуулалт давхар явагдаж байна. Мялзангийн вакцин есөн сумын хонь ямаанд, шүлхийнийх нь таван сумын үхэрт хийгдээд өнөөдрийн байдлаар 50 хувиас даваад байна. Вакцинжуулалтын үйл явцыг хянах үүрэгтэй ажлын хэсгүүд дөрвөн чиглэлээр ажиллаж байгаа ажээ.
Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл баг, Улаанхус сумын 7-р багийн нутаг Их ширэг, Бага ширэг, Цүнхэл нуур гэдэг газруудад өнгөрсөн 9-р сард бог малын мялзан төст өвчин гарч УМЭАЦ-ийн төв лабораторийн сорилтын дүнгээр өвчний онош батлагдсан билээ.
Ш.Айзаря