ДОРНОГОВЬ: Хурдан морьдынхоо хөшөөг наадмын талбайдаа мөнхөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-27 14:49:24

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутагт буй түүхэн үйл явдлыг харуулсан хөшөө дурсгалаас хүргэж байна. Тус аймгийн Дэлгэрэх сумын баяр наадмын талбайн хажууд нэгэн цагт хурд шандсаа гайхуулж наадамчин олныг баясгаж байсан морьдын хөшөө цогцолбор байдаг.


Тухайлбал нэгэн цагт нутгийн цуут хурдан хүлгүүд хэмээн олонд гайхагдаж байсан Галсанбандийн хүүхэн цагаан азарга, хөх Цэрэнгийн хээр морь, Т.Нямбуугийн Нэгдэл зээрд морины хөшөөг энэ онд шинээр босгож наадмын талбайдаа мөнхөлжээ. Дээрх бүтээн байгуулалтыг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан баяр наадмын талбайг "Монгол наадам цогцолбор" болгон тохижуулах ажлын хүрээнд уран барималч, зураач, МУСТА Г.Мөнхзаяа, Б.Түвшинтөр нар гүйцэтгэсэн байна.


Дэлгэрэх сум эрт дээр үеэс хурдан адуугаараа алдартай байсан бөгөөд 2009 онд улсын наадамд түрүүлсэн “Дэлгэр” хээр морь тус сумын уяач Д.Готовын унаган адуу юм.  

Холбоотой мэдээ