Эрдэмтэн Ш.Гаадамба “Харьцуулсан аман зохиол” хичээлийг сургалтад дэлгэрүүлж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-09-27 21:23:51

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Хэл бичгийн ухааны доктор, профессор, эрдэмтэн зохиолч, Утга зохиолын онолч шүүмжлэгч Ш.Гаадамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “XX зууны монгол хэл бичгийн ухааны хөгжил төлөвшил: Шанжмятавын Гаадамба” эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийг Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр зохион байгууллаа.


Хуралд хэл бичгийн ухааны эрдэмтэд оролцож Ш.Гаадамбын амьдрал, уран бүтээлд холбогдох сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Галбадрах хэлсэн үгэндээ Ш.Гаадамба агсны утга уран зохиол, хэл шинжлэл, орчуулах эрдэм, "Монголын нууц товчоо" судлалд оруулсан хувь нэмэр үнэлж баршгүйг онцолж байсан юм.


Ш.Гаадамба агсан 1980-аад оны үеэс тухайн үеийн сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн агуулга арга зүйн секторт монгол хэлний агуулга арга зүйг хариуцан ажиллаж байжээ.  Энэ үедээ тэрээр “Харьцуулсан аман зохиол” хэмээх шинэ хичээлийг бий болгож Монгол Улсын их, дээд сургуулийн сургалтад дэлгэрүүлж, монгол хэл бичгийн сургалт  ямар байх, монгол хэлийг хэрхэн заах талаар чухал асуудлыг дэвшүүлэн гаргаж байжээ.


Тэрбээр орчуулагчийн хувьд Аристотелийн “Туурвил зүйг” орчуулан оршил тайлбарын хамт хэвлүүлэхээс гадна Марк Твений “Том Сойерын адал явдал”, Ж.Родарийн “Чипполинагийн адал явдал”, “Жельсомина худал хуурмагийн оронд”, А.С.Пушкины “Бахчисарайн оргилолт булаг”, “Цыганууд” найраглал зэрэг олон зохиолыг орчуулжээ. Мөн түүний “Гагнаас”  өгүүллэгийн түүвэр болон бусад тууж, найраглалыг уншигчид сайн мэднэ. Эрдэм шинжилгээний хурлын үеэр түүний ном зохиол, сонин сэтгүүлд нийтэлсэн нийтлэлүүдийг дэлгэн тавьсан байлаа. Тэрээр  700 гаруй зохиол, бүтээл туурвижээ.


Ш.Гаадамба агсан 1958-1961 онд ЗХУ-д сурч байхдаа “Монголын нууц товчоо бол XIII-зууны Монголын уран зохиолын дурсгалт бичиг мөн” сэдвээр Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, 1992 онд “Монголын нууц товчооны худам монгол бичгийн сийрүүлэг эх тайлбар “бүтээлээрээ шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр М"онголын нууц товчоо"-ны судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан хамгийн анхны монгол эрдэмтэн юм.


Шанжмятавын Гаадамба эрдэмтэн, зохиолч, утга зохиолын онолч, шүүмжлэгчээс гадна Монголын нэртэй аман зохиол судлаач, сайн орчуулагч, сурган хүмүүжүүлэгч хүн байсан юм.
















Холбоотой мэдээ