Залуу жүдочид ДАШТ-д оролцохоор Душанбед очлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-30 12:55:12

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Тажикистаны нийслэл Душанбе хотод хоёр хоногийн дараа 2024 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.


Тус тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчид Душанбе хотод очжээ. Энэхүү тэмцээнд Монгол улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй найман тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцох юм. Багийн бүрэлдэхүүнд 2022, 2024 онд өсвөрийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид багтсан.


Душанбегийн ДАШТ-д 67 орны 539 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Тэмцээний сугалааны үйл ажиллагаа маргааш болох бөгөөд хөнгөн жингийн барилдаануудаар ДАШТ эхэлнэ.


Тэмцээний нийт шагналын сан 99800 евро бөгөөд хувийн төрөлд алтан медаль хүртэгсэд 500, мөнгөн медалийн эзэд 300, хүрэл медаль хүртвэл 170 еврогийн шагнал гардах юм. Харин багийн тэмцээний аваргууд 8000, мөнгөн медалийн эзэд 5600, хүрэл медальтнууд 3200 еврогийн шагнал авах аж.


Залуучуудын ДАШТ-ийг 1974 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд манай бөхчүүд хоёр алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртжээ. 

Холбоотой мэдээ