Л.Туруунаа пара жүдогийн Азийн аварга болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотод болсон пара жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай жүдочид алт, мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа Астанад эгшиглүүлэв. Түүний хувьд Парисын паралимпын наадамд V байрт шалгарч, Инчеоны Азийн наадам, Бакугийн гранпригаас хүрэл, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Тэгвэл эрэгтэйчүүдийн J1 ангиллын -95 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Ганбат финалдаж, мөнгөн медалийн эзэн болов. Үүнээс гадна J1 ангиллын эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Т.Сувд-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Түүнчлэн J1 ангиллын 70 кг-д Б.Сүхбат, -95 кг-д Л.Эрдэнэбилэг, J2 ангиллын 81 кг-д Э.Даваадагва нар шагналт V байрт шалгарсан байна. Мөн багийн барилдаанд шагналт байр эзлэв.
Энэ удаагийн ААШТ-д манай улсаас Монголын пара жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Чинзоригийн ахлуулсан долоо тамирчин шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Мөнхбат, дасгалжуулагч С.Ядамждорж нарын удирдлагад оролцохдоо бүгд медалийн төлөө барилджээ.


Улаанбаатар