Ахмад жүдочид 13 медальтай эх орондоо ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Францын Парис хотод зохион байгуулсан жүдо бөхийн мастерсын ДАШТ-ээс манай ахмад жүдочид гурван мөнгө, 10 хүрэл медаль хүртэв.
тэмцээнд 66 орны 2400 гаруй тамирчин долоон насны ангиллаар өрсөлдөхөд багийн нийлбэр дүнгээр Монголын жүдочид 13 медальтай 32 дугаар байрт жагслаа. Эрэгтэйчүүд зургаан насанд нэг мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэмцээнээс дуусгасан бол эмэгтэйчүүд хоёр мөнгө, гурван хүрэл медаль зүүжээ.
Эмэгтэйчүүдээс F1 ангиллын -78 кг-ын жинд С.Ариунзул, F5 ангиллын +78 кг-д Л.Баярмаа, эрэгтэчүүдээс М6 ангиллын 81 кг-д Г.Батсүх нар мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.
Нийлбэр дүнгээр Францын баг 26 алт, 35 мөнгө, 68 хүрэл медальтай тэргүүлсэн бол Бразил, Герман, Гүрж, Итали эхний таван байрт багтлаа. ДАШТ-д оролцсон 66 орноос 52 нь ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бол 31 нь алтан медальтай нутаг буцжээ.




Улаанбаатар