М.Цукербергийн хөрөнгө 200 тэрбумаас давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 30 /Bloomberg/. “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө анх удаа 200 тэрбум долларын босгыг давжээ.
Ингэснээр тэрбээр “Tesla” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос, LVMH группийн эзэн Бернар Арногийн дараагаар хөрөнгийнх нь хэмжээ эл босгыг давсан түүхэн дэх дөрөв дэх тэрбумтан боллоо.
М.Цукерберг "Facebook"-ийг “Metaverse” компани болгохоор төлөвлөж байгаагаа 2021 онд мэдэгдэж байсан билээ. Түүний энэхүү төлөвлөгөө 100 тэрбум ам.долларын хөрөнгөнөөс нь салгаж болзошгүй байсан хэдий ч хөрөнгө оруулагчид түүнд итгэж байсан бөгөөд энэ нь үр дүнгээ өгч байна гэж шинжээчид бичжээ.
"Facebook"-ийн толгой компани болох "Meta"-гийн хувьцааны үнэ түүхэн дээд түвшинд хүрч өссөнөөр М.Цукербергийн хөрөнгө хоёр жил хүрэхгүй хугацаанд бараг зургаа дахин нэмэгдэж, 201 тэрбум ам.долларт хүрчээ.
2022 оны 11 дүгээр сард "Meta"-гийн нэгж хувьцаа 90 ам.доллароор арилжаалагдаж байсан бол одоо 560 ам.доллароос давсан байна.