Тайваньд 567 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-09-30 16:55:09

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Тайваньд зэвсэг нийлүүлэх, түүнчлэн цэргийн бусад тусламж үзүүлэхэд зориулж 567 сая ам.доллар хуваарилахыг үүрэг болгосон тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас ням гарагт мэдээлжээ. 


"АНУ-ын Үндсэн хуулиар надад олгосон ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд би Тайваньд тусламж үзүүлэх зорилгоор Пентагоны батлан хамгаалахын бүтээгдэхүүн, үйлчилгээнд, мөн  цэргүүдийг бэлтгэж, сургахад зориулж 567 сая хүртэлх ам.доллар хуваарилахыг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгож байна” гэж Ж.Байден мэдэгджээ. Өнгөрсөн онд Америкийн засаг захиргаанаас Батлан хамгаалахын шугамаар олгосон тусламжийн хэмжээ 345 сая ам.доллар байсан юм. 


1949 онд Чан Кайши (1887-1975) тэргүүтэй Гоминданы намын цэргүүдийн үлдэгдэл Хятадын иргэний дайнд ялагдаж Тайвань арал руу зугтан гарснаас хойш тус арал өөрийн гэсэн засаг захиргаатай явж ирсэн билээ. Бээжин Тайванийг Хятадын мужуудын нэг гэж үздэг.


АНУ 1979 онд Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-тай байгуулсан юм. АНУ-ын засаг захиргаа "Нэг Хятад" зарчмыг баримтлахын сацуу Тайванийн засаг захиргаатай холбоо харилцаа тогтоосоор байгаа бөгөөд Тайваньд зэвсэг нийлүүлэгч гол улс юм. Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр, сүүлийн хэдэн жилийн хугацаанд Тайваньд нийт 70 тэрбум гаруй  ам.долларын зэвсэг, цэргийн техник нийлүүлжээ.




Холбоотой мэдээ