Монголын орчуулагчид анх удаа чууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-30 17:10:35

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын орчуулагчдын анхдугаар чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.


Тус чуулганд 500 гаруй орчуулагч оролцож, салбарын тулгамдсан асуудал, түүний шийдлийн талаар санал солилцов. Чуулганы ач холбогдол, үр дүнгийн талаар оролцогчдын сэтгэгдлийг хуваалцаж байна.


Э.Содонтогос: Орчуулагчийн үнэ цэн, ач холбогдол, үнэлэмжийг Монголын төр, нийгэм, өөрсдөд нь тайлбарлаж ойлгуулахыг эрхэмлэсэн хурал боллоо



-Есдүгээр сарын 30-ныг дэлхий даяараа Олон улсын орчуулагчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр бид анх удаа орчуулагчдын чуулганыг зохион байгуулж, энэхүү өдрийг тэмдэглэж байна. Хурлын санаачилгыг МУИС гаргаж, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг дэмжиж, Ерөнхийлөгчийн Тамгын газар ивээлдээ авснаар өнөөдөр ахмадуудаас эхлээд залуу орчуулагч нарыг хамруулан чууллаа. Үүнийг угтаж дөрвөн сэдвээр салбар хуралдаан зохион байгуулсан. Орчуулагчийн чанар, бэлдэж буй байдал, орчуулагч болон хэвлэх үйлдвэр хоорондын харилцаа, орчуулагчдад зэрэг дэв олгох зэрэг асуудлаар урьдчилсан хуралдаан зохион байгуулж, тэндээс гарсан санал дүгнэлтээ өнөөдөр хэлэлцүүлж байна. Ер нь бол гурван чиглэлээр үндсэн илтгэлээ хэлэлцүүллээ. Нэгдүгээрт, Монголын төрийн болон дипломат орчуулга. Түүний түүх ба өнөөгийн түвшин. Хоёрдугаарт, хэвлэл, мэдээллийн салбарын орчуулга. Гуравдугаарт, уран зохиол утга зохиолын орчуулга гэсэн сэдвийг хамрууллаа. Ер нь Монголд орчуулга хэзээнээс үүсэв, бидний мэдэх 2500 жилийн түүхийн турш орчуулгыг хэрхэн, яаж хийж ирэв, ямар бүтээлүүд гаргасныг ярилцлаа.

Орчуулга бол Киданы үеэс эхлэлтэйг Боловсролын сайд Б.Наранбаяр нээлтийн үгэндээ онцолсон бол Ш.Эгшиг доктор хүннүгийн үед орчуулагч нар байсан гэж ярьж байна. Тэгэхээр ерөөсөө хүн хоорондын харилцаа үүссэн цагаас л орчуулагч байсан аж. Төрт улс байгуулагдахаас өмнө янз бүрийн дуудлага, аялга, үгсийн сантай хүмүүс хоорондоо харилцах шаардлага мөнхөд тулгарч байжээ. Үүнтэй зэрэгцээд орчуулагч гэдэг хүнд боловч сайхан мэргэжил үүсэн бий болсон байна. Өнөөдөр Монголын төрд, нийгэмд, өөрсдөд нь мэргэжлийн зовлон, жаргал, үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулах хурал боллоо. Монголд анх удаа энэ хурлыг зохион байгуулсан учраас бидний бахархаж, харж өссөн ахмад орчуулагч нар маань бүгдээрээ хүрэлцэн ирсэнд туйлын баяртай байна.  


Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч О.Чинбаяр: Цагаа олсон чуулган болж байгаад олзуурхаж байна



Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор болж буй энэ чуулган цагаа олсныг онцлон хэлэхийг хүсэж байна. Үүнд би их олзуурхаж байгаа юм. Бага зэрэг оройтсон бол бүр хүнд байдалд орохоор байлаа. Энэ үйл ажиллагааг жилийн өмнөөс бэлтгэсэн. Чуулганаас их зүйл хүлээж байна. Монголын орчуулагчид шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байсаар ирсэн. Орчуулагчдад эв нэгдэл нэн эрхэм юм. Өнөөдөр үнэнхүү яаралтай шийдэх асуудал бол орчуулагч нарыг зэрэгжүүлэх ажил юм. Орчуулагч чанартай байвал орчуулгын чанар өндөр түвшинд байна. Ингэж цаашид жигдлэхгүй бол сайн, муу олон янзын орчуулагч, товчоо үйл ажиллагаагаа явуулснаас болж үл ойлголцол бий болж байгааг нуухгүй.


МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэжлийн үнэлгээний төвийн эрхлэгч Ш.Эгшиг: Өнөөдрийн чуулган орчуулагчдын асуудлыг бүрэн цэгцлэхэд тодорхой алхам болно



Орчуулагчдын чуулган анх удаа болж байна гэдэг нь өөрөө онцлог юм. Бид анх удаа асуудлаа дэвшүүлж буйгаараа ач холбогдолтой. Есдүгээр сарын 2-ноос хойш орчуулагч нарын дунд дөрвөн удаагийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр маш олон санал гарч, чуулганаар саналаа нэгтгэсэн. Чуулганаас зөвлөмж гаргана. Цаашлаад орчуулагчдынхаа асуудлыг шийдэх боломж бүрдэх байх гэж хүлээж байгаа юм. Ер нь бид МУИС дээр 2021 оноос хойш судалгаа хийсэн. Судалгаанаас харахад мэргэжилтний ур чадварын асуудал хамгийн ноцтой болжээ. Эвлэл, холбоод нь нэгдэхээсээ бие даасан статустай явахыг илүүд үздэг болсон байна. Нийтээрээ ярьж байгаа хэрнээ хэрхэн шийдэх арга замыг орхигдуулжээ. Харин өнөөдрийн чуулган нь дээрх асуудлыг бүрэн цэгцлэхэд тодорхой алхам болно.


Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй: Орчуулгын чанарыг шинэ түвшинд гаргахгүй бол болохгүй нь



Орчуулагчийн чанарыг дүгнэх хэцүү. Яагаад гэвэл шүүмж, судалгааны ажил хэрэгтэй болдог. Гэтэл манайд гадаад хэлтэй, шүүмж судлаач ховор. Хоёрдугаарт, орчуулагч шиг хамгийн айхавтар ганцаарчилсан хөдөлмөр байдаггүй. Ардчиллын үр шимээр хүн бүхний хийх ажил нь эрх чөлөөтэй болсон. Тиймээс хүн бүр дуртай хэлээ сурч, түүгээрээ хүссэнээрээ ярьж байна. Тэгэхээр орчуулгын чанарыг шинэ түвшинд гаргахгүй бол болохгүй нь гэсэн санаа авахуйц талаасаа энэ чуулган үр өгөөжтэй гэж үзэж байна.  


Орчуулагчдын анхдугаар чуулганы үеэр дэвшүүлсэн санал шүүмжлэлийн үргэлжлэлийг Т.Галсан: Эх хэлээ хамгаална гэдэг эх орноо, эзэн Чингисийнхээ гал голомтыг хамгаална гэсэн үг (montsame.mn)-ээс сонирхох боломжтой. 

Холбоотой мэдээ