Т.Галсан: Эх хэлээ хамгаална гэдэг эх орноо, эзэн Чингисийнхээ гал голомтыг хамгаална гэсэн үг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-30 20:45:58

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Төрийн ордонд өнөөдөр болсон Орчуулагчдын анхдугаар чуулганы үеэр өнөө цагийн нэрт соён гэгээрүүлэгч, орчуулагч нар юуг онцолсныг хүргэж байна.


Нэн түрүүнд эх хэлний ариг цэвэр байдлыг сахин хамгаалах, дунд сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг үндсээр нь өөрчлөх тухай асуудлыг орчуулагч  нар хөндөж байв.

Энэ тухай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан “Эх хэл минь ядууруулж, эх оронч зүрх минь золбиншиж байгаад төр санаа нь зовж орчуулагчдын анхдугаар чуулганыг зохион байгуулж байгаад талархаж байгаа”-гаа орчуулагчдын анхдугаар чуулганы хэлэлцүүлгийн үеэр илэрхийллээ.

Тэрбээр, Эх хэлээ хамгаалахын тулд ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал, бага ангид хүүхэд алдаагүй, гаргацтай сайхан бичдэг, нэг минутад 120 үг уншдаг байхад л болно. Бүх хүн хэл шинжээч, судлаач болохгүй учир дунд ангид өгүүлбэрийн бүтцээр задалж заадгаа больж, үгсийн сангийн баялгаас эзэмшүүлье. Монгол хэл дөрвөн сая үгтэй гэдгийг баталчихаад байхад өдөр тутмын сонины материалууд 271 үгэнд эргэлдэж байна. Ахлах ангид үгсээ зөв найруулах ухааныг, уран илтгэх чадварыг заая. Үүний дараа утга зүй, яруу өгүүлэхийн ухааныг зааваас зохилтой. Эх хэлээ хамгаална гэдэг эх орноо, эзэн Чингисийнхээ гал голомтыг хамгаална гэсэн үг юм.


Орчуулагч Д.Сүхжаргалмаа: Ажлынхаа гарааг МОНЦАМЭ агентлагаас эхлүүлж, 15 жил ажилласан. Одоо ч мэдээг нь уншдаг. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагыг бодвол уламжлалт суурьтай, өөрийн хэв маяг бүхий мэдээний бүтэцтэй, уншихад барьцтай байдаг юм. Үүнийгээ ямар ч өө сэвгүй, улам чанаржуулахыг байнга хичээх хэрэгтэй. Өнөөдрийн хурлын үеэр МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос илтгэлдээ “Орчуулагч хүн бол эрдэмтэн, судлаач” гэж тодотгохоос гадна маш олон том асуудлыг гарган тавьж, оновчтой санаануудыг тусгалаа. Бид эн тэргүүнд сургалтын болон багшийн чанарт, орчуулагчийн мэргэшилд анхааръя. Бага ангиас эхлээд 12-р анги төгсөх хүртэл сургалтын чанар, хөтөлбөр, арга зүйг эрс өөрчилмөөр байна. Мөн монгол үгээ яаж галиглахад анхаармаар байна. Галиглалыг хэдэн талаас нь бодож хийх хэрэгтэй. Орчин үед хиймэл оюуны техник технологийг хэрэглэхэд болгоомжлох санаа гарч байгаа ч цуврал хэлэлцүүлгээр шийдлийг нь олж, төрөөс бодлого гаргах хэрэгтэй. Хүний тархины ажиллагаа, оюуны илэрхийлэл нь хэл байдаг. Гэтэл бид хэл бичгийн хичээлийн цагийг 1990 оноос багасгаад, уран зохиолын хичээлийг хаячихлаа. Ингэхээр монгол хүний сэтгэлгээ яаж хөгжих юм бэ. Хэлээ булингартуулбал, хэрэглэхээ боливол мөхнө. Энэ нь орчуулгаас хальсан асуудал. Эх хэлээ хамгаалъя гэвэл хэл бичгийн хичээлийн цагийг нэмэх хэрэгтэй. 


Залуу орчуулагч нарт хандсан сургалт семинар, ямар бүтээлийг нэн түрүүнд орчуулах нэгдсэн бодлого чухал байгаа тухай асуудлыг хөндөж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, доктор, профессор Л.Дашням: Орчуулагчид Төрийн ордонд анх удаагаа цуглаад асуудлаа хэлэлцэж байгаа нь баярлууштай, бахархууштайОрчуулагч гэдэг соёлын улаач нар, мөн, хүмүүний болон улс түмний хоорондох мөнхийн гүүр нь юм. Орчуулагчдын тухай ярихдаа голдуу уран зохиолын жаргал зовлон яриад байдаг. Гэвч энэ нь нийгмийн бүх хүрээг хамарсан, бүх нийтийн анхаарал хүртээл болсон салбар юм.

Эх хэл, өв соёл, уламжлалынхаа талаас орчуулгын бүтээлд анхааралтай хандах ёстой. Монголчууд орчуулгыг дэлхийн хүн ардтай холбогдох гүүр гэдгийг эрт дээр цагаас ойлгож ирсэн. Ганжуур, Данжуур судруудыг орчуулахын тулд манай орчуулгын мэргэд цуглаад, "Мэргэд гарахын орон" бүтээлийг туурвиж, хэрхэн орчуулах тухай нэр томьёо оноон, харьцуулж, санаагаа нэгтгэж байсан эртний туршлагатай. Социализмын жилүүдэд Монголд нийтэлж байсан номын 50 гаруй хувь нь орчуулгын бүтээл байсан. Хожим ганц орос хэлээс бус олон хэлээс орчуулдаг болж, 1960-1970 оны үед орчуулагчдын хүрээг тэлэхийн тулд ГХЯ-ны дипломатуудыг орчуулгын ажилд урьж, уруу татсанаар олон дипломатч уран зохиолын орчуулга руу орж байсан. Сүүлийн үед маш олон ном хэвлэж байна. Ингэхдээ орчуулагч өөрөө орчуулан хянаж, редакторлож бас борлуулж байна. Ийм үед тухайн хүний гараас ямар бүтээл гарч байгааг мэдэх аргагүй. Иймд залуу орчуулагчдад зориулсан уулзалт семинар хийж, алдаа дутагдлыг нь залруулахад анхаарах хэрэгтэй. Бүтээлүүдийн чухам юуг нь бид нэн түрүүнд орчуулах, юуг нь хүмүүст хүргэх бодлого байхгүй бол хэн хүний сонирхлоор, бизнесийн орчуулга хийгээд байвал хойшид нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь бодууштай асуудалд хүргэнэ.


Үргэлжлэлийг Т.Баасансүрэн: Орчуулгын уран бүтээлийг хөгжүүлье гэвэл шүүмж судлал хэрэгтэй (montsame.mn)-ээс сонирхоно уу.

Холбоотой мэдээ