Т.Баасансүрэн: Орчуулгын уран бүтээлийг хөгжүүлье гэвэл шүүмж судлал хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Орчуулгын уран бүтээлийг хөгжүүлье гэвэл шүүмж судлал шиг хэрэгтэй зүйл байхгүй. Үүнд чиглэсэн төрийн тусгай бодлого явуулахыг хүсэж байгаагаа Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Т.Баасансүрэн Орчуулагчдын анхдугаар чуулганы санал шүүмжлэлийн үеэр хэлсэн үгэндээ онцолж байв.
Тэрбээр, "Сүүлийн 3, 4 жил орчуулагч Ж.Нэргүй, Д.Цахилгаан, Ч.Даваадаш нарын орчуулгын ном, бүтээлүүдийг зорьж уншаад, Монголын орчуулагчдаа бишрэн шүтсэн. Энэ тухайгаа судалгаа, шинжилгээний олон бүтээл, шүүмж бичсэн байгаа. Харамсалтай нь нийтлэх сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийнхэн алга. МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос хурлын үеэр тавьсан илтгэлдээ орчуулгын шүүмж хэрэгтэй байгааг хөндсөн нь үнэхээр чухал асуудал" хэмээлээ.
Түүнчлэн өнөөдөр болсон Орчуулагчдын анхдугаар чуулганы
үеэр бусад орчуулагчийн дэвшүүлсэн санал шүүмжлэлийг хүргэж байна.
Солонгос хэлний орчуулагч С.Сүх-Очир: Би15 наснаасаа хойш 30 гаруй жил солонгос хэлний орчуулга хийж байна. Орчуулагчид анх удаа чуулж байгаа учир харьцангуй ерөнхий сэдвээр өнөөдөр ярьж байгаа ч цаашдын үйл ажиллагаанд дорвитой шийдвэрүүд гарах байх. Бид монгол бичиг рүүгээ хурдан шилжихгүй бол орчин цагийн монгол хэл хэцүү болж байна. БНСУ, БНАСУ-ын хэл адилхан ч өөр аялгатай. Монгол Улс 1990 онд БНСУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш солонгос хэлний сургалт хойд солонгос аялгаар явж байгаа. Тухайн хэлээр яг адилхан галиглаж чадахгүй ч гол нэрсийг зөв дуудлагаар монгол хэлээр буулгахад анхаарах хэрэгтэй байна.
Англи, орос, франц хэлний орчуулагч, судлаач, дипломатч О.Батсайхан:
Орчуулагчдын анхдугаар чуулганыг зохион байгуулж байгаа нь орчуулагчийн
ажлыг нийгэмд тодоор гаргаж ирэх, ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулахад
тустай юм. Монгол хэлтэй хүн бүр зохиолч болдоггүйн адилаар гадаад хэлтэй хүн бүр
орчуулагч болдоггүй. Иймд орчуулагч бэлдэх, сургах тогтолцоог чухалчилж, эх хэлээ
сайн сургамаар байна. Орчуулга хийж байхдаа л монгол хэлнийхээ яруу уянгалаг,
баян тансгийг мэдэрдэг юм шүү дээ.
"Монгол тодотгол" ТББ-ын төлөөлөл: Монгол гэдэг үгийг доромж буюу тэнэг, эргүү гэсэн утгаар ашиглаж ирснийг засаж залруулахаар сүүлийн
3 жил идэвхтэй ажиллаж, Оксфорд толиос хасуулсан. Энэ үгийг буруу
утгаар хэрэглэхээс сэргийлж олон нийтэд таниулах, Монгол гэдэг тусгаар улс, үндэстэн гэдгийг сурталчлахад соёлын хөтөч болсон орчуулагчдын үүрэг
их юм.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний шинжлэлийн салбарын эрхлэгч
Мөнхцэцэг: Хэд хоногийн өмнө болсон “Нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил” хурал болсон. Орчуулга, нэр томьёо хоёр салшгүй холбоотой. Орчуулгын
хамгийн их цагийг буюу 40-50 хувийг нэр
томьёог буулгахад зарцуулдаг.
Иймээс орчуулагч бэлтгэдэг
сургуулиудад энэ талын тусгай хөтөлбөр бий болгох хэрэгтэй байна.
ШУА-ийн Олон улс
судлалын хүрээлэнгийн доктор Б.Ганбат: Монгол хөрсөнд буусан, монгол хэлний сэтгэлгээг сурах гэж буй тухайн хэлний онцлогтой харьцуулсан
орчуулгын онол арга зүйн гарын
авлага, ном байх ёстой. Академик
түвшний, шинжлэх ухааны шаардлага
хангасан хятад-монгол, монгол-хятад толь
бичиг гаргамаар байна. Үүний дараа орчуулагч, орчуулгын чанар ярих ёстой юм.
Герман хэлний орчуулагч н.Эрдэнэчимэг: Нэр томьёоны тухайд, Берлин хотод Азийн хэл шинжлэлийн чиглэлээр монголч эрдэмтэд 1970-1980 онд сурч, герман хэлээр монгол нэр томьёог галиглаж иржээ. Энэ сургалт байхгүй болсноор одоо буруу галиглаж байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, ХБНГУ-ын ЭСЯ-ны вэб сайтад Улаанбаатар гэдэг үгийг Улан-батор гэж бичиж байна. Орчуулагчид аймаг орон нутгийн нэрийг ч өөр өөрсдийнхөөрөө галиглаж байна. Нэгдсэн нэр томьёотой болж, албан хэл ярианд, ядаж л нийслэлийнхээ нэрийг зөв бичдэг болмоор байна.