БАЯН-ӨЛГИЙ: 378 тасалгаатай битүү захын барилгыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-01 14:56:59

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэдийг 1997 оноос хойш хэрэгцээт бараагаар хангаж байгаа "Тирлик" захыг стандартын шаардлага хангасан битүү худалдааны төв болгон шинээр барьж ашиглалтад орууллаа.


Тус захын наймаачид өмнө нь ил задгай талбайд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд орчин нөхцөл нь эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг хангадаггүй байсан.


Иймээс удирдлагууд нь захын орчин нөхцөлийг сайжруулах 5 жилийн төлөвлөгөө гаргаж, 80х60 метрийн харьцаатай, 9600 м.кв талбайтай, 100 автомашины зогсоолтой барилгын ажлыг 2022 оны 5 дугаар сараас эхлүүлсэн билээ. 


Худалдааны төв нь хоёр давхартай, худалдаа үйлчилгээний зориулалттай 378 тасалгаанаас бүрддэг. Дотор нь төрийн үйлчилгээний "Хур Дан" цэг нээж, 13 сумаас ирэх иргэдэд 43 байгууллагын 478 үйлчилгээг нэг дороос үзүүлж эхлэв.


Битүү худалдааны төв ашиглалтад орсноор тус захад үйл ажиллагаа явуулдаг 400 орчим иргэн эрүүл ахуйн шаардлага хангасан тав тухтай орчинд иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна. 

Холбоотой мэдээ