Ши Жиньпин: Хятадын ард түмэн илүү их амжилтад хүрч, энх тайван, хүн төрөлхтний хөгжилд улам их хувь нэмэр оруулах болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-10-01 16:00:04

БЭЭЖИН, 2024 оны аравдугаар сарын 1 /CGTN/. Хятадын ард түмэн илүү их амжилтад хүрч, энх тайван, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн ариун шударга үйл хэрэгт улам их хувь нэмэр оруулах болно гэж БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын /ХКН/ Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин даваа гарагт мэдэгджээ. 


Тэрбээр БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан хүлээн авалтын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. 10 дугаар сарын 1-нд тэмдэглэдэг БНХАУ байгуулагдсан өдөрт зориулсан хүлээн авалтыг Ли Чян нээж, Хятадын болон гадаадын 3000 орчим зочид оролцсон байна.


Ши Жиньпин хэлсэн үгэндээ ХКН-ын Төв хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн нэрийн өмнөөс Хятадын олон үндэстэн ястны ард түмэнд, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн командлагчид, цэрэг дайчдад Ардын Зэвсэгт цагдаа нарт, ардчилсан намуудын гишүүд, нам бусчуудад хүндэтгэл илэрхийлжээ.


Тэрбээр мөн Хятадын засаг захиргааны тусгай бүс нутгууд болох Сянган, Аомэнь дахь эх орон нэгтнүүд, мөн Тайвань дахь нутаг нэгтнүүд болон гадаадад байгаа иргэдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, БНХАУ-ын төрийн байгуулалтын үйл хэрэгт санаа тавьж, дэмжиж буй найрсаг улс орнууд, олон улсын найз нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.


Ши Жиньпин хэлэхдээ, шинэ эриний шинэ замын дунд нам, улс орны гүйцэтгэх гол үүрэг бол хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг төр, үндэсний сэргэн мандалтын бүтээн байгуулалтыг цогцоор нь дэмжих явдал гэв.


Дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй энэхүү агуу үйл хэргийг тасралтгүй үргэлжлүүлэх нь БНХАУ байгуулагдсаны ойг тэмдэглэх хамгийн сайн арга юм гэж Хятадын удирдагч цохон тэмдэглэжээ.


Тэрбээр цааш хэлэхдээ, хятад маягийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд ерөнхий хяналтыг тавьж, бүх талын хүчин чармайлтыг зохицуулж буй намын удирдан чиглүүлэх үүргийг байнга даган баримталж, Хятадын онцлогтой социализмын замаар тууштай замнаж, шинэчлэлийг цогцоор нь гүнзгийрүүлж, нээлттэй байдлыг өргөжүүлж, ард түмэнд чиглэсэн арга барилыг баримталж, энх тайван хөгжлийн төлөө тууштай байх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэсэн байна. 


БНХАУ-ын дарга "Нэг улс, хоёр систем", "Сянганыг сянганчууд захирах", "Аомэнийг аомэньчууд захирах" бодлогыг цогцоор нь, үнэн зөв, тууштай хэрэгжүүлж, хоёр нутаг дэвсгэрийн бие даасан байдлын өндөр түвшинд чиглэсэн бодлого баримтлахын чухлыг цохон тэмдэглэв. Мөн Сянган, Аомэний урт хугацааны хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг тууштай хамгаалж, дэмжихийн тулд хүчин чармайлт гаргахыг уриалав.


"Тайвань бол Хятадын халдашгүй газар нутаг мөн" гэж тэрбээр онцгойлон дурдаад, Тайванийн хоолойн хоёр талын эдийн засаг, соёлын салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Тайванийн тусгаар тогтнуулахад чиглэсэн салан тусгаарлах үйл ажиллагааг тууштай эсэргүүцэхийг уриалжээ". 


Бүх улс орны ард түмэн нэг гараг дээр зэрэгцэн оршиж, нийтлэг хувь заяагаа хуваалцдаг гэдгийг Ши Жиньпин онцлоод хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахыг дэмжихийг уриалсан байна.


Хятадын удирдагч 75 жилийн нөр их хүчин чармайлтын үр дүнд хятад маягийн шинэчлэл нь ихээхэн ирээдүйтэй хэтийн төлөвийг нээж өгснийг онцлоод цаашид хүндрэл, саад бэрхшээл тулгарч болзошгүйг анхааруулсан байна. "Бид болзошгүй аюулыг мэдэж, сайн бэлтгэлтэй байх ёстой" гэж Ши Жиньпин нэмж хэлээд бүх тодорхойгүй, гэнэтийн эрсдэл, бэрхшээлийг шийдэмгий даван туулахыг уриалав.

Холбоотой мэдээ