ГОВЬ-АЛТАЙ: Хөгжил хорооллын 600 орчим оршин суугч халаалт дулаанаар хангагдаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-10-01 15:46:23

Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 120 гаруй айлын 600 орчим оршин суугч аравдугаар сар гарсан байхад халаалт дулаанаар хангагдаагүй байна.

 

Засгийн газрын шийдвэрээр есдүгээр сарын 15-ны өдрөөс халаалт дулаанаа авах байсан хэдий ч өнөөдрийг болтол дулаанаар хангагч байгууллага халаалт дулаанаа өгч эхлээгүй байгаа юм. Говь-Алтай аймаг Алтай хотын 90 гаруй хувийг дулаанаар хангагч “Мандал голомт” ХХК засвар үйлчилгээгээ дулааны улиралд хийгээгүйтэй холбон тайлбарлаж байна.

 

Хөгжил хорооллын хэрэглэгчид аравдугаар сарын 1-нд үүсээд байгаа нөхцөл байдал, халаалт дулаанаа авч чадахгүй байгаа талаараа санал бодлоо солилцсон юм. Мөн үеэр орон нутгийн холбогдох албаны төлөөлөл тэдэнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож, үүнтэй холбоотойгоор орон нутгийн зүгээс ямар ямар бодлого хэрэгжүүлэн, асуудалд хэрхэн хандаж байгаа талаар мэдээлэл өгсөн бол тус хорооллын оршин суугчид эрчим хүчний яам болоод хүний эрхийн үндэсний комисст өргөдөл гомдол хүргэх болсноо мэдэгдсэн юм.Тус хорооллын оршин суугчид:


-“Жил бүр халаалт дулаанаа цаг тухайд нь өгдөггүй, энэ жил ч мөн адил уулаараа цас орчихсон, шөнөдөө хасах градустай хонож байхад халаалтгүй хэцүү байна. Үүнээс болж хүүхэд хөгшид ханиад томуунаа салахгүй зутруухан байна. Бид зөвхөн эрүүл мэнд гэлтгүй санхүүгийн хувьд ч хохирч байна” гэдгээ хэлж байлаа.

Холбоотой мэдээ