БАЯНХОНГОР: Хүүхдүүд амны хөндийн арчилгаа, эрүүл дадлын мэдлэгээрээ өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан "Эрүүл шүд" үндэсний аянд Баянхонгор аймаг нэгдлээ.
Аяны хүрээнд шүд угаах зөв дадал хэвшил олгох, шүд угаах ач холбогдлыг танин мэдүүлэх зорилго бүхий Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр спортын ордонд зохион байгууллаа. Хүүхдүүд тэмцээнээр амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлын тест, шүд угаах дараалал арчилгааны мэдлэг дадлаараа өрсөлдөв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн шүд эрүү нүүрний төвтэй хамтран аймгийн Засаг даргын ивээл дор Боловсролын газар, Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан шүд угаалтын анхдугаар тэмцээнийг аймгийн 10 сургуулийн 25 багийн 9-12 насны 200 гаруй хүүхэд оролцов.
Тэмцээний зохион байгуулалтад нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шүдний эмч шүүгчдээс гадна аймгийн шүдний эмч нар, сургууль цэцэрлэгийн эмч, багш нар оролцсон байна.