“Ногоон орон сууц төсөл”-ийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-02 09:21:12

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн Орон сууцны бодлогын газраас Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий, 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барьж байна.


Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг баталж, “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.



Төслийг НЗДТГ, АХБ, Уур амьсгалын Ногоон сан хамтран хэрэгжүүлж байгаа аж. Харин “Ногоон орон сууц” төслийн инженер П.Наранбаатар 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга нь орох хаалганаасаа эхлээд нэг давхар тэр чигээрээ тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, өргөн хаалгатай, угаалгын өрөөнд тэргэнцэртэй иргэн бүтэн эргэх боломжтой. Мөн барилгын зураг төслийг олон улсын үнэлгээний стандартад нийцүүлэн боловсруулж, уг зураг төслөөрөө барилга барьж байгаа. Орон сууцны бас нэг онцлог нь ашиглалтын зардал 25 хувиар багассан. Орон сууцныхаа урд хүлэмжтэй тул хэрэглээний ногоог хүлэмжинд тарих бололцоотой. Түүнчлэн үйлчилгээний төвүүд бий болгож байгаа” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ