Тахилтын нүхэн гарцад 450 метр ус зайлуулах шугам угсарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-02 15:07:50

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тахилтын нүхэн гарцад ус ихээр тогтдог ч ус зайлуулах шугам хоолойгүй байсан тул ус зайлуулах 450 метр шугам угсарч, борооны усыг насосоор шахаж зайлуулах станц байгууллаа.


Мөн авто замын хэсэгт шүүрт 11 болон үзлэгийн 10 худгийг стандартын дагуу угсарсан байна. Ингэснээр иргэд Тахилтын нүхэн гарцаар борооны улиралд саадгүй зорчих боломж бүрдсэн байна. 


Ус зайлуулах шугам хоолойг угсарч дууссан талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан ярихдаа, Бороо орох бүрд Тахилтын нүхэн гарцаар автомашинтай зорчиход ус дүүрч, иргэдийн эд хөрөнгө, амь настай холбоотой асуудал үүсэж болзошгүй байсан. Иймд ус зайлуулах шугам хоолойн зураг төслийг боловсруулж, угсарч дуусаад, авто замын хөдөлгөөнийг нээлээ. Нүхэн гарцын баруун тал дахь жалга руу ус зайлуулах насос станц барьсан. Насос станцыг бүх талаараа 3 метр өргөн, доош 4 метрийн гүнд байршуулсан. Борооны ус төмөр замаа дагаж урсдаг учир хойд талд нь шороон чиглүүлэгч далан барьсан” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.



Нэмэлтээр нүхэн гарцын хоёр талд 10 метр өндөртэй ус хүлээн авах хөндлөн шүүр угсарсан аж.

Холбоотой мэдээ