ЗАВХАН: Мөстлөгийн үеийн амьтдын яс хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-03 16:55:12

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нутгаас олдсон палеонтологийн дурсгал болох хирс, арслан зааны яс аймаг, сумын музейд хадгалагдаж байна.


Завхан аймгийн музейд 10 мянган жилийн өмнө амьдарч байсан арслан зааны дунд чөмгөний яс бий.


Тэс сумын нутгаас 1982 онд олдсон арслан зааны дунд чөмгийн ясыг Нисэгийн дэнж гэдэг газраас тэр үеийн Нэгдсэн эмнэлгийн жолооч байсан н.Дугаржав гэж хүн олсон гэсэн тодорхойлолттой музейд хадгалагдаж байна. Энэхүү яс хугараагүй, цууралт өгөөгүй бүрэн бүтнээрээ олдсон төдийгүй музейн үзмэрт тавигдаж хүүхэд багачуудад танин мэдэхүйн мэдээллийг өгч байгаа онцлог үзмэр юм. Ялангуяа хүүхэд залуучуудын сонирхлыг татдаг үзмэрүүдийн нэг.


Зааныхан овгийн төрөл болох арслан заан /Mammuthus/ нь одоогоос 300000-200000 жилийн өмнөөс Европ, Ази, Хойд Америкийн эх газарт өргөн тархан нутаглаж байсан ба 10000 жилийн өмнө учир битүүлэг шалтгаанаар устжээ. Зааны овгийн бие даасан төрөл зүйл атал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр одоогийн зааны өвөг мэтээр зарлаж байгаа нь туйлын буруу юм. Учир нь одоогийн заан ч арслан заантай нэгэн цаг үед нийтлэг өвгөөс үүсэж бий болсон тухай бичиж тэмдэглэсэн байдаг юм билээ.


Музейгээс мөстлөгийн үеийн амьтадыг таниулах, тэдэнд шинжлэх ухааны мэдээлэл, биологийн олон төрөл зүйлийн тухай сонирхолтой мэдээллийг байгаль түүхийн танхимаар дамжуулан хүүхэд залуучуудад өгдөг.


Мөн Тэс сумын музейн танхимд палеонтологийн нэг дурсгал бий. Энэ нь Тэс сумаас олдсон савагт хирсний толгой, чөмгөний яснууд юм. Савагт хирсний дүрс хуучин чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг дээр ихэвчлэн дүрслэгдсэн байдаг. Савагт хирс нь 1.5-2 тонн жинтэй. 40 орчим жил насалдаг Африкт голдуу байдаг.


Энэ амьтан Монголын хамгийн хүйтэн цэг, өвөлдөө -40 хүрч хүйтэрдэг Завхан аймгийн Тэс сумын нутагт хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан гэхээр хүүхэд залуучуудын сонирхлыг их татдаг гэж Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг мэдээлэв.


Сонирхуулахад, савагт хирс нь Евроазийн эх газрын хойд хэсгийн тал нутагт Плейстоцен эриний сүүл үе хүртэл амьдарч байсан хирсний устсан зүйл. Сэрвээний өндөр нь 4 метр, 3-4 тонн жинтэй байсан гэж үздэг. Хамар дээрээ хоёр эвэртэй бөгөөд урд талынх нь илүү том, урт байв. Хөгшин эрэгчингүүдийн зарим нь нэг метр гаруй урттай эвэртэй байжээ.

Одоогийн Их Британиас Сибирийн дорнод хэсэг хүртэл өргөн уудам нутагт тархаж, тундрийн бүсэд амьдардаг байсан. Арьс нь зузаан үс ноосоор хучигдаж, дулаан бага алдахын тулд жижиг чихтэй байсан нь хүйтэн уур амьсгалд зохицсон амьтан байсныг нь илтгэнэ. Шүд нь ч тундрт ургах хатуу өвс ургамлыг идэхэд зохицолдсон байдаг. Ижил цаг үед оршиж байсан арслан заанаас ялгаатай нь Хойд Америк тивээс чулуужсан яс нь олддоггүй бөгөөд 10000 жилийн өмнө учир битүүлэг шалтгаанаар устсан тухай тэмдэглэгдсэн байна. 

Савагт хирс


Тэс сумын музейн танхимд хадгалагдаж байгаа савагт хирсний толгой, чөмөгний яснууд

Холбоотой мэдээ