Чагос олтригийг Маврики улсад шилжүүлэн өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-10-04 11:17:34

ЛОНДОН, 2024 оны аравдугаар сарын 4 /BBC/. Их Британи улс Энэтхэгийн далай дахь алслагдсан боловч стратегийн ач холбогдол бүхий Чагосын арлуудыг эзэмших эрхээсээ татгалзаж, Маврики улсад шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэснийг хоёр улсын Ерөнхий сайд нар мэдэгдлээ.


Их Британийн эрх баригчид ийм шийдвэр гаргаснаар уг олтригтой холбоотой Их Британи, Маврики улсуудын хооронд хэдэн арван жил үргэлжилсэн ширүүхэн хэлэлцээ дуусгавар болж байна


Чагос бүлэг арлуудын нэг болох Диего-Гарсия шүрэн арлыг АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд, алсын тусгалын бөмбөгдөгч онгоцуудын бааз болгон ашигладаг. Тухайлбал, энэ баазыг Америкийн нисэх онгоцууд Афганистан, Иракт цохилт өгөхөд ашиглаж байжээ.


Шинэ гэрээний дагуу Их Британийн тал Диего-Гарсиаг Маврики улсаас 99 жилийн хугацаагаар түрээслэх бөгөөд ингэснээр АНУ тэнд цэргийн баазаа үлдээх боломжтой болох юм. Барууны орнууд, Энэтхэг, Хятадын хооронд геополитикийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед тус цэргийн баазыг арал дээр үлдээх нь гэрээний гол нөхцөл юм.


Их Британи, Маврики улсуудын удирдагчид мэдэгдэхдээ, "бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэж буй Диего-Гарсиа дахь баазыг урт хугацаанд үр дүнтэйгээр ажиллуулах үүргийг хүлээж байна" гэв.


“Түүхэн” хэмээн нэрлэж буй энэхүү гэрээг АНУ сайшаасан байна. "Энэ бол дипломат харилцаа, түншлэлээр дамжуулан улс орнууд урт хугацааны түүхэн асуудлуудыг шийдвэрлэж, энх тайван, харилцан ашигтай үр дүнд хүрч чадна гэдгийг тодорхой харууллаа" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден хэлжээ.


Гэрээг эцсийн байдлаар боловсруулах шаардлагатай хэвээр байгаа боловч талууд аль болох ойрын үед дуусгана гэж амлаж байна.


“Энэ бол манай хоёр улсын харилцаан дахь чухал мөч бөгөөд маргааныг тайван замаар шийдвэрлэж, хууль дээдлэх зарчмыг тууштай баримталж байгааг харуулж байна” гэж Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Маврикийн Ерөнхий сайд Правинд Жагнот нарын  хамтарсан мэдэгдэлд дурджээ. 


Чагос бүлэг арал нь 1965 онд Маврики улс Их Британийн колони байх үед Маврикигаас тусгаарлагджээ. Их Британи  арлуудыг 3 сая фунтээр худалдаж авч "далайн чанад дахь газар нутаг" гэж зарласан байна


Харин Маврики улсын эрх баригчид 1968 онд тусгаар тогтнолоо зарлахын тулд Чагосын арлуудыг эзэмших эрхээсээ татгалзахаас аргагүй байдалд орсон хэмээн мэдэгдэж, арлыг хууль бус колоничилж байна гэж Их Британийг буруутгасаар ирсэн юм. 

Холбоотой мэдээ