СҮХБААТАР: Түвшинширээ сум нэгдсэн халаалтад холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-04 11:57:48

Баруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Төр, хувийн хэвшлийн хамтарсан концессын гэрээний хүрээнд 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Түвшинширээ сум нэгдсэн халаалт дулаанд холбогджээ. Энэ бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус суманд хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бөгөөд нэг л суманд хэрэгжсэн гэдгээрээ онцлог.

 

Сумын төвийн бүх төсвийн байгууллага болон зарим ААН-үүд халаалтаа авчээ. Бүгд нэг яндангаасаа халаалтаа авдаг болсноор тохилог дулаахан орчинд хүүхдүүд сурч хүмүүжиж, томчууд нь тав тухтай ажлаа хийх нөхцөл бүрдсэн байна. Албан газар бүр нэг нэг уурын зуухтай, гаднаа нүүрс овоолдог байдал үгүй болж, үүнийг дагаад тоосжилт, орчны болон агаарын бохирдолгүй болох зэргээр олон эерэг өөрчлөлт гарч эхэлсэн байна. Халаалтын шугамыг дагасан цэвэр усны хоолой тавигдсан. Бохирын хоолойн ажил ирэх жилээс эхэлнэ.


 

Ингэснээр сумын айлууд хашаандаа халаалт, цэвэр, бохирын шугамаа татах болож бүрдэх бөгөөд хаус хороолол, орон сууцны барилгууд барих нөхцөл бүрдэж байгаа юм. Төв  суурин газар, сумын ялгаа үгүй болж эхэлнэ. Шинэ залуу боловсон хүчнүүд орон нутагтаа ирж ажиллаж амьдрахад таатай орчин нөхцөл нь бүрдэнэ. Энэ бол хөгжлийн хамгийн гол тулгуур мөн хөгжлийг хурдасгах үндсэн хөшүүрэг гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтуяа ярилаа.

 

Халаалтын төв ашиглалтад орсноор орон нутгийн есөн иргэн тогтмол ажлын байртай болжээ. Энэхүү ажлыг "Сэтгэшгүй" ХХК гүйцэтгэсэн бөгөөд цаашдын тасралтгүй ажиллагааг нь хангах үүднээс гэрээний дагуу 15-20 жил үйл ажиллагааг нь хариуцах юм байна. 

Холбоотой мэдээ