“Жизель”-ийг 45 дахь жилдээ Монголын тайзнаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-08 11:51:05

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг 45 дахь жилдээ Монголын тайзнаа тоглох гэж байна.


Анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Жан Корали, Юлес Перо нарын дэглэлтээр “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байсан энэхүү бүжгэн жүжиг 1979 оны 12 дугаард сард монголчуудын хүртээл болсон түүхтэй. Тухайн үед ЗХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, балетмейстер Ф.Г.Кайданы дэглэснээр тоглож, зураачаар нь А.Морозов, удирдаачаар нь П.Хаянхярваа нар ажиллаж байв. Тэр цагаас хойш тасралтгүй тавьсан эл балетыг УДБЭТ-ынхан намар цагийн нээлтийн хоёр дахь бүжгэн жүжгээр сонгожээ.  


Ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн Фантомууд хэмээх найраглалыг уншсан Францын урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутье сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч Жизель балетын цомнолыг бичсэн байна.


Одоо Жизель”-ийг дэлхийн олон оронд өөр өөр балетмейстерийн тавилтаар тоглож байгаа юм.


Бүх цаг үеийн хамгийн романтик, сэтгэл хөдөлгөсөн, үнэнч хайрын түүхийг өгүүлэх “Жизель” бүжгэн жүжгийг энэ сарын 19, 20-нд УДБЭТ-ын тайзнаас үзэх боломжтой бөгөөд ерөнхий найруулагчаар Д.Дашлхагва ажиллажээ.

 

Холбоотой мэдээ