Химийн хорт, аюултай бодис экспортлох, импортлох, тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах журмыг шинэчлэн баталжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. БОУӨ-ийн сайдын өнгөрсөн сард гаргасан тушаалаар “Химийн хорт, аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах журам”-ыг шинэчлэн баталсан юм.
Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн БОГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчдад чиглэл өгөх цахим уулзалт зохион байгууллаа.
Журамд нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч химийн бодис хадгалах агуулахын стандартын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргана гэж заасан тул байгаль орчны хяналтын Улсын ерөнхий байцаагч 01/19 дугаартай “Химийн хорт, аюултай бодисын агуулахад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг баталж, аймаг, нийслэлийн БОГ-т хүргүүлэв. Энэ дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, улсын байцаагч химийн бодис хадгалах агуулахын стандартын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргах боломж бүрдэж байна.
Иймд химийн хорт,
аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, худалдах үйл ажиллагаа эрхлэгч
иргэн, аж ахуйн нэгж, байгууллага
нь нийслэл, тухайн орон
нутгийнхаа БОГ-т хүсэлтээ
гарган, Химийн хорт, аюултай бодисын тухай хуулийн 9-д заасан улсын байцаагчийн дүгнэлт
гаргуулан, зөвлөмж зөвлөгөө авч ажиллахыг БОУӨЯ мэдээлжээ.