Монголын сагсан бөмбөгийн лиг 30 дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-08 12:04:45

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн нээлтээ хийхэд дөрөв хоног үлджээ.


Энэ сарын 12-нд хөшгөө нээх лигт эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг өрсөлдөх бөгөөд тоглолтууд “UG Arena”-д болох юм. Одоогоос 30 жилийн өмнө буюу 1994 онд манай улсад анх удаа сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед “1+11”, “Азийн чоно”, “Генералууд”, “Алтайн бүргэдүүд”, “Монсоник”, “Угалзын цөөврүүд”, “Хөх тэнгэр” гэсэн долоон баг оролцож байлаа.


Тэгвэл дээд лигийн тэмцээн энэ жил 30 нас хүрч байна. Лигт өрсөлдөж буй багуудын түүхэнд энэ улиралд анх удаа аялан тоглолт хийхээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, найрамдлын Дархан хотоор овоглосон “Дархан Юнайтед” баг өөрийн талбайдаа улирлын тоглолтыг хүлээн авна гэсэн үг.


Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд хөгжлийн лигийн өнгөрсөн улирлын аварга “Монпоп”-ын бүсгүйчүүд дэвшин орж ирж байгаа бөгөөд 2023-2024 оны улиралд зургаадугаар байрт шалгарсан баг хөгжлийн лиг рүү унасан юм. Нээлтийн тоглолтын хуваарийг хүргэе.


13:40 цагт: BHC Knights-Дархан Юнайтед /эр/

16:10 цагт: Амазонс-Хасын Хүлэгүүд /эм/

18:40 цагт: Хасын Хүлэгүүд-Бишрэл Металл

Холбоотой мэдээ