ДУНДГОВЬ: Малчид тэнгэр хангайгаа шинжиж, ирэх өвөл, хаврын байдлыг тодорхойлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Жил бүрийн намрын дунд
сарын шинийн 15-нд Дундговь аймгийн малчид тогтсон хэд хэдэн уулан дээр гарч,
шөнийн турш тэнгэр хангайгаа шинжиж, ирэх өвөл, хавар ямар болохыг тодорхойлдог
уламжлалтай. Энэ дүгнэлтийг ч малчид тэсэн ядан хүлээж, хаана өвөлжиж, хаашаа
нүүхээ сонгодог.
Энэ жилийн намрын дунд
сарын шинийн 15-ны өдөр тэнгэр шинжээч Ц.Баяр тэргүүтэй Өндөршил, Говь-Угтаал,
Хулд, Луус, Дорноговь аймгийн Айраг сумаас зорин ирсэн малчид Баянжаргалан
сумын Баянцагаан хайрхан дээр гарсан бол Говь-Угтаал сумын малчин, тэнгэр
шинжээч Д.Таванжин, А.Лхагва нарын малчид Говь-Угтаал сумын Бага залаа ууланд,
тэнгэр шинжээч С.Пунцагдорж тэргүүтэй малчид Хараат уулнаа гарч, энэ жилийн
өвөл, хавар ямар болохыг шинжжээ.
Тэнгэр шинжээч
Д.Таванжин хуучлахдаа ирэх жилийн өнгийг хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс
хойш бүтэн зун, намрын турш ан амьтан, мандаж байгаа нар, тэнгэрийн байдлыг
ажиж байгаад намрын дунд сарын шинийн 15-нд хайрхан дээрээ гарч тэнгэр
хангайгаа шинжсэний дараа дүгнэлтээ гаргадаг гэж хуучлав.
Тэрээр энэ өдөр нар
мандахад эсрэг талын уул овоон дээр туссан нарны туяаг сайн харж, өнгөөр нь шинжинэ,
сайхан элгэн хүрэн өнгө тусч байвал сайхан жил болдог. цагаандуу, цайвар өнгө
тусч байвал барагтай талдаа л байдаг юм гэлээ.
Ирэх өвөл, хаврын
өнгийг хэрхэн шинжсэн тухай дүгнэлтийг хүргэе:
Говь-Угтаал сумын
малчин, тэнгэр шинжээч Д.Таванжин: Өвлийн дүн нуруу сайхан болно. Үе үе салхилсан, хаяа нойтон цастай, заримдаа
хуурай, салхилах үедээ хүйтэн байх нь. Цас нь тааруухан, гэхдээ хүйтэндүү
байна.
Өвлийн сүүл сардаа
Чойр, түүнээс хойших нутгаар хүндэрч магадгүй, ая муутай харагдаж байна. Нийт
нутгаар малын амны цастай, сайхан өвөл болно. Өвөл юм хойно хүйтрэлгүй л яахав,
салхилалгүй л яахав. Салхи нь жаахан илүү, салхилвал л хүйтэн жаварлаад байна
байх даа.
Хавартаа малын хоол
сайтай юм даа. Өвөл нь гайгүй болбол хавартаа чангардаг л гэдэг. Гэхдээ энэ жил малын идэш, сайтай болохоор малчид
өөр өөрийн нутагтаа өвөлжиж, хаваржихад гайгүй дээ.
Баянжаргалан сумын
өндөр настан, тэнгэр шинжээч Ц.Баяр: 6 сумын малчид цуглаж, тэнгэр хангайгаа харлаа. Цагийн байдал өнгөрсөн
жилийн өвөл, хавартай харьцуулахад зуд болохгүй байх. Говь-Угтаалын Баасанжав
гуай, Булган, Лхагваа нартай хэл амаа авалцаад дүгнэлт хийсэн. Салхитай
хонолоо. Урд талдаа, ойрын хугацаанд цасгүй, говь талдаа холхон шиг цас орж
магадгүй. гайгүй өвөл болно гэж дүгнэлээ.
Говь-Угтаал сумын
малчин, тэнгэр шинжээч А.Лхагвасүрэн: Хүйтний хувьд 10 дугаар сард эвгүй, 11, 12 дугаар сард гайгүй, 2 дугаар
сард цас орж хүйтэрч магадгүй. Сүүлийн 2, 3 сард арай л чанга байх болов уу. Өвлийн
эхэн сардаа жаахан цас орох байх гэж ажлаа.