БАЯНХОНГОР: Санал хураалт 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-10 11:53:08

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуульд аймгийн хэмжээнд гурван намын 74 нэр дэвшигч, 20 суманд 857 нэр дэвшигч өрсөлдөж байна.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгууль баасан гарагт /2024.10.11/ болох бөгөөд сонгогчийн саналыг тухайн өдрийн 07:00-20:00 цаг хүртэл авна. Санал авах өдрийн 20:00 цагт сонгогчийн бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа энэ цагаас өмнө авсан бол сонгогч саналаа өгөх боломжтой.


Сонгогчдын саналыг өгөх дарааллын тухайд:
-Иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтан сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
-Хэсгийн хорооны гишүүнд сонгогчийн бүртгэлийн хуудсыг өгч саналын хуудас хүлээн авна.
-Саналын хуудас аваад сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна.
-Санал бэлтгэх бүхээгт очиж, саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийнэ.
-Саналаа өгөхдөө өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх дугуйг тусгай тэмдэглэгээний үзэг ашиглан дүүргэн будна.
-Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
-Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтсанд хийж, санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.


Аймгийн сонгуулийн хороо 9 гишүүнтэй, сумын сонгуулийн хороо 140 гишүүнтэй бол сонгуулийн хэсгийн хороодод 924 төрийн албан хаагч, цагдаа, итгэмжлэгдсэн ажилтан, улсын бүртгэлийн ажилтан, даамал зэргээр 1000 гаруй төрийн албан хаагч ажиллана.

Холбоотой мэдээ