ЗАВХАН: Ардын дууны хамгийн олон төрлийг өвлөн уламжилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-10 14:47:40

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймагт нийт 532 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг. Эдгээрийн 40 орчим хувь нь ардын авьяастнууд юм.


Завханд монгол ардын уртын дууны төрөл зүйл илүү онцлог талтай байдаг. Зан үйлийн зориулалттай дуунууд нь 13 ай зан буюу бөө мөргөлийн, 33 үй зэн буюу шашны, Тэлмэн нуур, Идэрийн гол дагуу илүү тархсан гүр дуу юм.


Ай зан, үй зэн дуунууд нь Сар хайрхан буюу Сартуул тал руугаа илүү тархсан байдаг. Сүүлийн үед шашин шүтлэгийн дуу болох Ай зан, үй зэн дуунууд мартагдаж Сартуул, Бэсүүд тийшээ байгалийн холбогдолтой дуунуудыг, Цагаанхайрхан, Цагаанчулуут сум, “12 жил” дууг найр хурим дээр түлхүү дуулж байна.


Монгол ардын уртын дуу “Энх мэндийн баяр”, Отгонтэнгэр уулын тахилгын дуу болох “Оройн чимэг”, Өвөр хотгойдын “Цэвэр сайхан хээр” зэрэг урт, богинын дуу, үндэсний хөгжим, “Чингис хааны магтаал”, Идэрийн голын халхчуудын хуримын ерөөл зэрэг аман өв, язгуур урлагийн олон төрөл зүйлийг гол төлөв төв халхын нутаг нутгийн намба төрх, онцлогоор уламжлан дуулж залуу хойч үедээ өвлүүлж байна.


Сонирхуулахад монгол ардын уртын дуу нь 2005 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн шилдэг дээжээр, 2008 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэн тунхаглагдсан монгол үндэстний хийгээд дэлхийн хосгүй гайхамшигт өв юм.


Завхан аймгийн хэмжээнд нийт 532 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 403 нь соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд, 29 нь яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байдаг байна. 



Оройн чимэг 33 бадаг уртын дууг Отгонтэнгэрийн нутагт оршин амьдардаг уугуул, суугуул 8000 орчим иргэн энэхүү уртын дууг бэлгэшээн дуулсаар, өвлүүлэн түгээсээр амнаас ам дамжин уянгалуулсаар явна.

Сантмаргаз сумын өвлөн уламжлагч МУСТА Р.Хашбат, 

Холбоотой мэдээ