БАЯНХОНГОР: Ойн зурваст нөхөн тарилт, цэнэг усалгааг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-10 16:31:11

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт аймаг тойрсон ойн зурваст нөхөн тарилтаар мод тарьж, цэнэг усалгааг хийж байна.


Тодруулбал, "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ажилчид намрын мод тарилтын ажлын хүрээнд шинээр мод тарьж, өмнө нь тарилт хийсэн газруудад нөхөн тарилтаар мод бут тарих ажлыг хийж байна. Тус газар аймгийн төв тойрсон ойн зурвас, нийтийн эзэмшлийн талбайн мод, бутны арчилгаа тордолгоог хариуцан ажилладаг бөгөөд моддын ургалт сайн байгааг мэдээлэв.


Мөн, Нийтийн ногоон байгууламж руу хариулгагүй мал орж сүйтгэх байдал удаа дараа давтагдаж байгааг Баянхонгор тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ынхан хэлж байна. Аймгийн төвд ойр мал малладаг айл өрхүүд санаандгүй болон санаатайгаар ногоон байгууламж руу малаа оруулж байгаад хариуцлага тооцдог болох шаардлагатай байгааг тэд онцолсон юм.


Баянхонгор Ойн зурваст 21 мянган мод, Мазаалай парк 11 мянга, Гурван бүс парк 25 мянга, Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд 1500, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 40 мянга гаруй мод ургаж байна. Хаврын мод тарилтаар 6000 мод нэмж тарьсан бол намрын мод тарилт ийнхүү үргэлжилж байна.

Холбоотой мэдээ