Нобелийн Энх тайвны шагналыг Японы “Nihon Hidankyo” байгууллагад олголоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСТОКХОЛМ, 2023 оны аравдугаар сарын 11 /BBC/. Энэ оны Нобелийн Энх тайвны шагналыг Японы “Nihon Hidankyo” хөдөлгөөнд олголоо. Тус байгууллага нь Хирошима, Нагасакигийн атомын бөмбөгдөлтийн хохирогчдын түүхийн жишээн дээр олон жилийн турш цөмийн зэвсгийн аюулын талаар дэлхий нийтэд таниулж ирсэн юм.
Цөмийн зэвсэгтэй гүрнүүд цөмийн зэвсгийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, зэвсгээ сайжруулж байгаа энэ үед “Nihon Hidankyo” цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө эцэж цуцахгүй тэмцсээр байна гэж Норвегийн Нобелийн хорооны төлөөлөгч шагналын эзнийг зарлахдаа онцлон тэмдэглэжээ.
"Тэд дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст урам зориг, мэдээлэл өгч, ирээдүйд хүн төрөлхтөн аюулгүй орчинд оршин тогтнох үндэс суурийг бүрдүүлдэг" гэж Нобелийн хорооны дарга Йорген Ватне Фрюднес хэллээ.
"Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын тулд гаргасан хүчин чармайлтынх нь төлөө, мөн цөмийн зэвсгийг дахин хэзээ ч ашиглах ёсгүй гэдгийг нүдээрээ үзсэн хүмүүсийн нотолгоогоор харуулсных нь төлөө" тус байгууллагад энэхүү шагналыг олгосон гэж Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ.
"Nihon Hidankyo" төрийн бус хөдөлгөөнийг Хирошима, Нагасакигийн атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн япончууд 1956 онд байгуулжээ. Эдгээр хүнийг бас "хибакуша" гэж нэрлэдэг. “Хибакуша” нарын янз бүрийн байгууллагууд Номхон далайд хийсэн цөмийн зэвсгийн туршилтын хохирогчидтой нэгдэн “Японд атомын болон устөрөгчийн бөмбөгийн хохирогчдын байгууллагуудын холбоо”-г байгуулжээ. Энэ нэрийг японоор “Nihon Hidankyo” гэж товчилсон байна. Хожим нь Япондоо "хибакуша" нарын хамгийн том, хамгийн нөлөө бүхий байгууллага болсон тус хөдөлгөөнийхөн атомын бөмбөгийн хор уршгийг гэрчлэх олон мянган баримтыг өгч, олон нийтэд хандан уриалга гаргаж, НҮБ-д болон янз бүрийн энх тайвны бага хуралд жил бүр төлөөлөгчдөө илгээж, цөмийн зэвсгээс ангижрах шаардлагатай байгааг дэлхий дахинд сануулсаар иржээ.
Өнгөрсөн онд Нобелийн Энх тайвны шагналыг Ираны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Наргиз Мохаммади хүртсэн билээ. 1901 оноос хойш уг шагналыг 104 удаа олгосон байна.