Б.Чойжилсүрэн: Эрчим хүч, дулааны үнийг нэмэх шийдвэр ойрын хугацаанд гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар
сарын 14 /МОНЦАМЭ/. Эрчим
хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах
1111 төвд өнөөдөр ажиллалаа. Энэ үеэр тэрбээр эрчим хүчний үнэ, хангамжийн талаар сэтгүүлчдэд
мэдээлэл өгсөн юм.
Эрчим хүч, цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх эсэх талаар сэтгүүлчдийн асуултад тэрбээр, “Эрчим хүчний болон дулааны үнэ, хэрэглээний халуун усны үнэ ч нэмэгдэнэ. Энэ талаар ойрын хугацаанд шийдвэр гарна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн бүрэн эрхийн хүрээнд судалж, бие даан шийдэж, Засгийн газарт уламжилна” гэсэн хариу өгсөн юм.
Цахилгаан, эрчим хүч хэдий
орчим хувиар нэмэгдэх талаар тодруулахад, “Та бүхэн тооцоолоод үз. Өнөөдөр нэг квт
эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, дамжуулан, түгээн хангаж байна. Ийм
зардалтай байхад айл өрхөд 140 төгрөгөөр борлуулж байгаа. Зардлынхаа 50 хувьд ч
хүрэхгүй байна. Дулааны өртөг орон сууцанд нэг метр ам дөрвөлжин талбайд сардаа
506 төгрөг байгаа. 90 төгрөгөөр үйлдвэрлээд 35 төгрөгөөр борлуулж байна гэсэн
үг” гэв.
Тэрбээр хэлэхдээ, “Бид юуны
өмнө дулаан, цахилгааны алдагдал болон хэрэглээний өсөлтийг тооцон гаргах
учиртай. Энэ талаар судалж байна. Үнэндээ нарийн тооцооллыг эцэслэн гаргаж ирж
чадахгүй явж ирсэн. Хэрэглэгч хэрэглээгээ тооцон гаргаж буй нарийн судалгаа
алга. Судалгаанд оролцогч иргэдийн 30 гаруй хувь нь хэрэглээгээ баримжаалан
төсөөлж байдаг гэж гарсан бол 70 хувь нь энэ талаар шийдээгүй, гаргаагүй байна гэдэг.
Тиймээс судалгааг бүрэн гаргах боломжгүй байна” гэв.