Ээрэх, сүлжмэл бүтээгдэхүүнээс 1.5 тэрбум ам.доллар олох боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Манай улс ноолуурын салбарт өнгөрсөн онд 441.2 сая ам.долларын экспорт хийгээд байна. Үүнээс:
- Угаасан ноолуур 5449 тонныг
263.6 сая ам.доллароор,
- 1001 тонн хялгасыг нь
ялгасан ноолуурыг 95.8 сая ам.доллароор тус тус гаргажээ.
Угаасан 7400 тонн ноолуурын 74 хувийг экспортод гаргажээ.
Бүтээгдэхүүний хувьд 1.8 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүнийг 38.7 сая ам.доллароор, нэхмэл бүтээгдэхүүнээр 58.2 мянган метр давуу гаргасан талаар Монголын Ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Монгол ноолуур судлал-2024” эрдэм шинжилгээний хурлын үеэр мэдээллээ.
Манай улс жилд 728 тонн
ээрмэл утас үйлдвэрлэж, гадаад зах зээлд нийлүүлж байна. Дэлхийн брэнд
үйлдвэрлэлийн компаниудад ээрмэл утас болон самнасан ноолуур нийлүүлж буйг тэрбээр танилцууллаа.
Дэлхийн зах зээлд дээр бэлчээрийн,
байгальдаа идээшилдэг ямааны, байгалийн өнгөтэй ноолуураар хийсэн
бүтээгдэхүүний үнэ цэн, үнэлэмж жилээс жилд улам бүр өсөж буйг тэрбээр тодотгон
хэлж байна.
Хэрэглэгчид зах зээлээс илүү үнэ цэн шингэсэн, байгалийн гаралтай, чанартай бүтээгдэхүүн худалдан авах хандлага нэмэгдсээр байгаа аж. Мөн хэрэглэгчид байгаль орчны талаарх мэдлэг, мэдээлэл сайтай болсноор дахин боловсруулсан ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, борлуулалт өсөж байгааг хэллээ. Манай улсын ноолуурын үйлдвэрлэл өнөөдрийн байдлаар:
- 19 мянган тонн ноолуур
угаах суурилагдсан хүчин чадалтай,
- 11.4 мянган тонн хялгас
ялгах,
- 2278 тонн ноолуур ээрэх хүчин
чадалтай байна.
Монгол Улс жилд 10 мянган
тонн түүхий ноолуур бэлтгэж байгаагаас угаасан ноолуур гаргахыг хязгаарлавал ээрмэл утас 4600 тонныг үйлдвэрлэж, гаргах хүчин чадал байгааг хэллээ. Ингэснээр 80 сая ам.долларын борлуулалт хийж, ээрэх болон сүлжмэл бүтээгдэхүүн
үйлдвэрлэснээр нийтдээ 1.5 тэрбум ам.долларын орлого олох боломжтойг танилцуулсан юм.
Ноолуурын үйлдвэрлэлийн салбарт нийт 10 мянган хүн хүч ажиллаж байгаагийн 85 хувь эмэгтэйчүүд, 75 хувь нь 18-45 насны залуучууд байна.
Салбарын эрх зүй, хөрөнгө
оруулалт, татварын таатай орчинг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн
тогтолцоог дэмжих зорилготой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Цагаан
алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр эхлээд буйг дуулгалаа.