ДАРХАН-УУЛ: “Гал өд” яруу найргийн наадмын эзнээр Л.Мөнхбаатар тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.
Дархан-Уул аймгийн
Засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах “Гал өд” яруу найргийн
наадам боллоо. Энэ жил Дархан хотын 63 жилийн ой,
МЗЭ-ийн Дархан салбарын 60 жилийн ойн хүрээнд улсын наадам болж өргөжин, өргөн
дэлгэр зохион байгууллаа.
Эхний шатны шалгаруулалтад 21 аймгийн
50 гаруй яруу найрагч шүлэг ирүүлснээс хоёр дахь шатанд 20 яруу найрагч тунаж
үлдсэн байна.
Гуравдугаар
шат даваа гарагт
Залуучууд театрын их танхимд болж шилдгүүдээ тодрууллаа.
“Гал өд” яруу найргийн наадмын сүүлийн шатанд таван яруу найрагч шалгарснаас тэргүүн байрт МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Л.Мөнхбаатар, дэд байрт Говь-Алтай аймгийн МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Ганхүрэл, гутгаар байрт Говь-Алтай аймгийн МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Г.Сүхбаатар нар тодорлоо.
Тусгай байрт Архангай аймгийн МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч М.Амархүү, Орхон аймгийн МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Н.Болормаа нар тус тус шалгарч шагналын эзэд боллоо.
Мөн МЗЭ-ийн Дархан дахь салбарын нэрэмжит шагналаар Булган аймгийн МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Н.Үржинбадам шагнуулав.
“Гал өд” яруу найргийн улсын наадмын шүүгчээр МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Болор цомын эзэн Н.Гантулга, МУСГЗ, зохиолч, сэтгүүлч Б.Норовсамбуу, МУСТА, яруу найрагч Ц.Цэнд нар ажиллаж МУСТА, МЗЭ-ийн гишүүн, шог зохиолч, шог зураач Д.Мянганзам хөтлөн явууллаа.
Дархан хотод жил бүр аймгийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Гал өд” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгуулж, “Гал өд” ном хэвлэгдсээр даруй 21 дэх жилтэйгээ золгож байна.