Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, дэмжих төвүүдийг ирэх онд байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-16 14:10:56

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, хөдөлгөөн, хэл заслын боловсрол олгох, асран хамгаалагчдад зөвлөгөө, дэмжлэг өгөх, аав ээжийг нь хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэх боломжоор хангах нийгмийн хамгааллын бүх үйлчилгээ үзүүлэх, дэмжих төвүүдийг ирэх онд байгуулах хөрөнгийг улсын төсөвт тусгажээ.


“Эрхэм нандин сувд” ТББ-ын удирдлага, эцэг эхчүүд нийгмийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах, гадаадад өртөг өндөр хийж буй хагалгаа, эмчилгээг эх орондоо хийлгэх, сэргээн засах, нөхөн сэргээх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хэрэгтэйг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалантай уулзах үеэрээ онцлов.


Халамжийн сунгалт, тусгай хэрэгсэл авах тодорхойлолт өгөхөд хүнд суртал, чирэгдлийг арилгаж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван салбарын уялдаа холбоог хангахаас гадна эрх зүйн орчныг сайжруулахаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгааг ГБХНХЯ мэдээллээ. 


Дээрх ТББ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг улсын хэмжээнд 2022 оноос эхлэн жилд хоёр удаа зохион байгуулж байна. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг ирэх оноос 30 хувиар нэмэхээр болсон, цаашид нийгмийн асуудлыг шийдэхдээ аргацаасан бус тогтолцооны шинэчлэлтийг үе шаттай хийх хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ