БАЯНХОНГОР: Ингэний сүүн бүтээгдэхүүн - Баянхонгорын брэнд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-16 15:25:35

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр.


ЖДҮ-ийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн, 2024 оны Хангайн бүсийн Хүнсний шилдэг үйлдвэрлэгч "Их халбагант" ХХК-ийн ингэний сүүн бүтээгдэхүүн, бэлгийн багц нь Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн юм.

Тус аймгийн Баянлиг сумын тавдугаар багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Их халбагант” ХХК бизнесийн гараагаа 2002 онд жижиглэн худалдаа эрхэлснээр эхэлж, улмаар 2007 оноос талх нарийн боов, 2009 оноос ингэний сүүний үйлдвэрлэл эрхлэх болжээ. Одоо тус компани 440 м.кв үйлдвэрийн байртай бөгөөд талх, нарийн боов, тараг сүү, ааруул, хоормог, зайрмаг, бяслаг зэрэг олон нэр төрлийн органик, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.


Бүтээгдэхүүнийнхээ 70 орчим хувийг ЕБС болон цэцэрлэг, цэргийн анги зэрэг байгууллагад болон сум орон нутагтаа нийлүүлдэг бол зэргэлдээ сумд болон Баянхонгор аймгийн төв, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнийхээ 30 хувийг нийлүүлдэг аж. Мөн ингэний хоормог бага хэмжээгээр БНХАУ руу, аарц бага хэмжээгээр АНУ, БНСУ руу захиалгаар гаргаж байна.


Тус компанийнхан 2010 оноос хойш ингэний сүүгээр хоормог, ааруул, аарц, молоко, тараг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Дээрх бүтээгдэхүүнээ бэлгийн багц болгон худалдаанд гаргасан нь орон нутагт шинэлэг ажил үйлчилгээ болсон төдийгүй Баянхонгорын брэнд болсон юм.

Багцад ингэний хоормог, ааруул, молоко, дарс, шимийн архи, сабали, маяландарли жигнэмэг ордог. Хоёр төрлийн жигнэмэг нь швейцар технологиор, ингэний сүүгээр зуурч хийдгээрээ онцлог. 2017 онд Швейцар улсын зөвлөх багш Карлус, Герру нараас зөвлөх үйлчилгээ авч бяслаг, дарс, жигнэмэг зэргийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд таниулж, иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг болсон байна. Багцын бүтээгдэхүүнээ орон нутагтаа нийлүүлэхээс гадна Улаанбаатар хот руу захиалгаар нийлүүлдэг.

“Их халбаганат”-ынхан сүү, сүүн бүтээгдэхүүнд анхан шатны болон бүрэн боловсруулалт хийж, дотоодын хэрэгцээг хангах замаар импортыг багасган, экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран, орон нутаг дахь үйлдвэрлэлийг дэмжин дотоодын хэрэгцээг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангах асуудлыг чухалчилдаг. Ийнхүү ингэний сүүг боловсруулж тэмээн сүргийн ашиг шимийг хүртсэнээр малчдын орлогын эх үүсвэр нэмэгдэн, малчдын дунд тэмээгээ өсгөх сонирхол ч их болжээ.

Ингэний сүү, цагаан идээ нь говь нутгийн хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй бие махбодид зайлшгүй шаардлагатай кальци, фосфор, аминдэм болон үл орлох уургийн үндсэн эх үүсвэр болдгоороо онцлог. Сүүнд казин хэмээх бодис агуулагддаг. Энэ бодис хүний биед гаднаас орж буй хорт утаа, хорт бодисуудыг өөртөө шингээн хүний бие махбодиос гадагшлуулах үйлчилгээтэй. Иймээс хорт утаа, архины хорын эсрэг одоогийн нөхцөлд ингэний сүү хэрэглэх нь хамгийн үр дүнтэй арга болохыг мэргэжилтнүүд хэлж буй юм. Мөн элэг, цөс болон ходоодны архаг эмгэгийн үед эмчилгээний чухал ач холбогдолтой болохыг судалгааны үр дүнгүүд нотолдог.

Ингэний сүүн цагаан идээ хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй, ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэж иржээ. Ингэний сүү нь хадгалагдах чадвар сайтай, муудаж исдэггүй, халуун дулаанд тээвэр даах чадвартай байдгаас гадна бусад малын сүүнээс илүү өтгөн, илчлэг чанар өндөртэй, эхийн сүүг орлохуйц тэжээлтэй байдаг байна. Мөн хаван хавдар хөөх, ядаргаа хордлого тайлах, чийг бам арилгах, дархлаа сайжруулах, чихрийн шижин өвчин зэрэг өвчинд төв суурин газрын хэрэглэгчид, хөхүүл болон жирэмсэн эхчүүд, өндөр настан, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд ихээр хэрэглэж байна.

Холбоотой мэдээ