ДАРХАН-УУЛ: Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-17 11:34:02

Дархан, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 9:00 цагт эхэллээ.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогчдоос хамгийн олон санал авч Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 40 төлөөлөгч Дархан хотыг байгуулсны 63 жилийн ойн түүхэн энэ өдөр анхны хурлаа хийж байна. 


Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох төлөөлөгч Х.Батбаяр даргалан, дэд даргаар Т.Тулгаа сонгогдон өрнүүлж байна. 




Хуралдааны эхэнд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга О.Хүрэлчулуун сонгуулийн үр дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл танилцууллаа.

 

Орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө таван нам, хоёр бие даагч гээд нийт 95 нэр дэвшигч өрсөлдөн МАН 24, АН 16, бие даагч нэг суудал авсан юм.




АН-аас аймгийн ИТХ-д Шарын гол суманд нэр дэвшин олонхын санал авсан нэг төлөөлөгч холбогдох хуулийн дагуу нэрээ татсанаар энэ удаагийн аймгийн ИТХ-ын сонгууль нэг суудал дутуу буюу 40 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байна.


Хуралдаан хэлэлцэх асуудлын дэгийн дагуу үргэлжилж МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад долоодугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Алтангэрэлийн Янжмаагийн нэрийг дэвшүүллээ. Дэгийн дагуу танхимаас бусад нам, бие даагчид ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх боломжтой. 


Ардчилсан намын бүлэг хэлэлцэх асуудалтай холбоотой 60 минутын завсарлага авснаар хуралдаан түр завсарлаж 12:00 цагт үргэлжлэхээр боллоо. 







Холбоотой мэдээ