ДОРНОГОВЬ: Поло спортын тамирчдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг музейн үзмэр болгожээ

МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
erdenebulgan@montsame.mn
2024-10-17 17:08:45

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Орон нутгийг судлах музейд тэмээн болон морин пологийн спортод амжилт гаргасан түүхийн эздийг алдаршуулсан булан байдаг.

Энэхүү поло спортын сонин сайхнаас хүргэе. Сайхандулаан сум тэмээн поло спортыг хөгжүүлэхэд анхдагч нь болсон нутаг юм.  2002 оны хоёрдугаар сарын 18-нд тэмээн пологийн туршилтын тоглолтыг  тус сумын Цохио багт зохион байгуулснаар Монгол Улсад тэмээн поло үүсч хөгжих эхлэл тавигджээ.


2002 оны арванхоёрдугаар сарын 10-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод тэмээн пологийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээн болоход Д.Чулуунбат ахлагчтай “Гурван хяргуй” баг мөнгөн медаль хүртэж байв. 2005 оны тэмээн пологийн өвлийн фестивалаас Э.Борхүү ахлагчтай “Бага дулаан”  баг нэгдүгээрт байрт шалгарч “Ижий говь цом”, алтан медаль,  2007 онд Улаанбаатар хотноо болсон “Тэмээн поло-2007” тэмцээнд  хүрэл медаль, 2008 онд Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Чулуунбат ахлагчтай “Гурван хяргуй” баг алтан медаль, С.Хүрэлсүх ахлагчтай “Сүлд” баг мөнгөн медаль, 2010 онд Дорноговь аймагт болсон “Монгол тэмээ” наадамд мөнгөн медаль тус тус хүртэж байв.


Мөн 2012 онд аймгийн тэмээн пологийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2013 онд болсон “Тэмээн поло” өвлийн фестивалаас Х.Эрдэнэдалай ахлагчтай “Хоёр дулаан баг”  тэргүүн байрт шалгарч “Ижий говь” цом, алтан медалийн эзэн болж байжээ. Морин болон тэмээн поло тэмцээнд олон жил амжилттай оролцсон учир тэмээн пологийн тамирчин Э.Борхүү, Э.Баярхүү, Ү.Эрдэнэцогт, С.Хүрэлсүх, Э.Ундрахбаяр, Д.Чулуунбаатар, О.Ганхуяг, Ш.Энхжаргал, У.Отгонбилэг, У.Батцэнгэл   нар Монгол Улсын спортын мастерын болзол хангаж байжээ.

Поло спортыг орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд хөгжүүлж байсан тул тус сумын поло спортын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг ийнхүү музейн үзмэр болгосон байна.

Холбоотой мэдээ