Б.Ичинхорлоо: Монголын оюун санааны үүц нь ч, хөгжлийн хүрд нь ч Үндэсний номын сан юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-11-27 12:06:09

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоотой Үндэсний номын санд хадгалагдаж буй ховор нандин дурсгалууд, тэдгээрийн ач холбогдол, үнэ цэн, цаашдын хөгжил сэдвээр ярилцлаа.

 

-Монголын Үндэсний номын сан 73 жилийн түүхэндээ шинэ салбартай боллоо. Шинэ салбараа ямар байдлаар төрөлжүүлж байна вэ?

-Юуны өмнө энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Үндэсний номын сангийн төв барилга 1951 онд ашиглалтад орж байв. Тэр цагаас хойш анх удаа шинэ салбарынхаа барилгыг энэ жил хүлээж авлаа. Үндэсний номын сангийн төв байр маань эрдэм шинжилгээний уншлага давамгайлсан, 18-аас дээш насныханд голлон үйлчилдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд, хүүхдээ харж буй эхчүүд, ахмад настнуудад бүрэн дүүрэн үйлчилгээ үзүүлж чаддаггүй байсан. Тэр бүхнийг бодолцож, өмнө нь үзүүлж чаддаггүй байсан үйлчилгээнүүдээ шинэ салбараараа үзүүлэх болсон нь бидний хамгийн том давуу тал болоод байна. Нэг ёсондоо, иргэдэд гэр бүлээрээ үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь хамгийн том дэвшил юм. Шинэ салбар маань хоёр ээлжээр өглөөний 8 цагаас оройны 20 цаг хүртэл ажиллахад байнга хөл хөдөлгөөнд дараатай байна. Тэдгээр хүмүүсийн баяртай царайг хараад номын санчид бид үүргээ биелүүлж чадаж байна даа гэсэн урам зориг төрж байгаа юм. Энэ нь энэ намрын хамгийн том баярт өдрүүд байлаа.

 

-Олон улсын жишгээс харахад номын сан амралт, чөлөөт цагийн бүс болчихлоо. Ухаалаг технологи, шинэ чиг хандлагыг энэ салбартаа шингээсэн гэж ойлголоо?

-Өнгөрсөн 100 жилийн хугацаанд манай номын сангийн цуглуулсан их өв гэвэл нэгдүгээрт, сан хөмрөг маань. Хоёрдугаарт номын сангаас түгэн дэлгэрч байдаг оюуны их хишиг өгөөж юм. Үндэсний номын сангийн голлох сан хөмрөгийг эртний гар бичмэл, ном судрууд бүрдүүлдэг. Бараг 50 хувь нь эртний гар бичмэл, ном судрууд гэсэн үг. Тэндээс эхтэй судлагдахуунууд, бүх цаг үед төрөн гарсан эрдэмтэн мэргэд бол манай номын сангийн улс орондоо цогцлоож өгсөн оюуны эгнэшгүй их баялаг юм. Үлдсэн сан хөмрөг буюу орчин үеийн ном хэвлэлүүд бол бидний үйлчилгээний цар хүрээг илэрхийлдэг.

 

Бид ирэх 100 жилийн түүхийг бүтээхийн тулд цахим номын сангийн суурийг маш зөвөөр тавьж, хил хязгааргүй номын санг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тиймээс бид эрдэм шинжилгээний болон цахим гэсэн хоёр том төрөлжсөн уншлагын танхимыг нээлээ. Үндэсний номын сангийн төв салбарт эрдэм шинжилгээний өгүүллүүд, онолын материалууд олноороо хадгалагдаж байдаг. Тэдгээр өгүүллүүдийг цахимаар шинэ салбарынхаа Эрдэм шинжилгээний уншлагын танхимаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид уншуулах боломжийг олгосон. Цахим номын сангийнхаа суурийг зөв тавьж чадвал дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа тэрхүү эрдмийн хишгийг түгээх ажил маань улам түгэн дэлгэрэх нь зайлшгүй юм.

-Гаднынхан тэр тусмаа, монголч эрдэмтэн судлаачид тэдгээр судар бичиг, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг цахимаар үзэх бололцоотой юу?

-Шинэ номын сангийн барилга баригдангуут олон нийтийн дунд “Хуучин номын сангийн барилгыг буулгах нь. Ямар нэг хувийн хэвшлийн эзэмшилд очих нь” гэсэн айдас, болгоомжлол байсан. Харин бид Үндэсний номын сангийн 50 хувийг бүрдүүлдэг үнэт өв болсон хуучны гар бичмэл, ном судрууд, барын ном судруудаа түшиглэн, дэлхийн Монгол судлалын төв номын сан болох амбиц дэвшүүлээд буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхийн Монгол судлалын төв байх ёстой. Монгол Улсын Үндэсний номын сан бол Дэлхийн монгол судлалын оюун санааны төв номын сан байх ёстой юм. Бидэнд сан хөмрөг нь байна, байр нь байна. Үүнд төр засгийн бодлогын дэмжлэг, улс төрийн шийдлүүд ихээхэн нөлөөтэй байх болно.

 

Одоо бид хуучин байраа засварлуулахаар “Алтан дуулга” компаниар зургийн ажлыг хийлгээд, төсвийг нь гаргуулчихлаа. Ер нь номын сангийн ажил бол “За, ингээд болчихлоо” гэдэг ажил биш юм байна. Яагаад гэвэл хүний бодол, оюун санаанд ямар ч хязгаар байдаггүй юм байна. Номын сангийн бодлого бол хүний хөгжилтэй зэрэгцээд явж байдаг, болж өгвөл урд нь явах тийм л хурдыг цаг үе биднээс шаардаж байна.

 

-Үндэсний номын сан бусад орны номын сангаас юугаараа онцлог, давуу талуудтай вэ. Одоо хүртэл судлагдаагүй ном судар хэр олонтой вэ?

-Бурхны шашны гол сургаалуудын нэг Ганжуур судрынхаа цуглуулгаар Монгол Улс дэлхийд алдартай. Тэгэхээр дэлхийн бурхны шашинтнууд, бумбын эриний уншигчдад Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөг нь хамгийн нүнжигтэй, хамгийн баян сан хөмрөгт тооцогдоно гэдгийг ам бардам хэлж чадах байна. Хоёрдугаарт, иргэд ойлгохдоо төвөд номын сан хөмрөгүүдийг хараад, бурхны шашны сургаал гэж боддог. Гэтэл монголчуудын оюун санааны охь болсон дээжүүд тэнд хадгалагдаж байдаг. Тухайлбал, байгаль шинжлэл, анагаах ухаан, яруу найраг, урлаг соёл зэрэг маш олон ололтуудыг өвөг дээдэс маань төвөд хэлээр бичиж үлдээсэн байдаг. Тэнгэр огторгуй, газар усны шинж чанар, хүний бие-эмийн ургамлын зохицол гээд олон зүйлийн оньсыг тэдгээр төвөд судраас эргэн сурвалжилж болно.

 

Нэг ёсондоо алдагдсан монгол уламжлалууд төвөд хэлээр бичигдэж үлджээ. Монгол лам нарын бичсэн Сүмбэм Гамбамаас эхлүүлээд монгол эрдэмтдийн бий болгосон тэрхүү оюуны их өв Үндэсний номын санд төвөд хэлээр, тод үсгээр, заримдаа соёмбо үсгээр дараатай хэвээр байна. Яагаад бид тэрхүү өвийг олон нийтэд шууд хүргэж болохгүй байна вэ гэхээр өөрсдөө эхлээд судлах ёстойд хамаг асуудал нь байгаа юм. Монголчуудын оюун санааны өв их санд бид нэн болгоомжтой, дэс дараатай, эмх цэгцтэй хандах ёстой. Монгол лам нарын бичсэн Сүмбэм, Гамбам болон төвөдөөр бичигдсэн тэдгээр судрууд дотроос шинэ нээлт хийх монгол эрдэмтэн төрүүлэх сонирхол бидэнд байна. Гэтэл үүнийг манай залуучууд гэхээсээ илүүтэйгээр гаднынхан судлах гэж орж ирдэг. Эрх ашгийн дэс дараалал гэдэг юм уу даа, Үндэсний номын сан монголчууддаа эхлээд тэр сайхан сан хөмрөгөө нээлттэйгээр дэлгэж үзүүлэх юмсан, судлуулах юмсан гэж зорьж байна шүү дээ.

 

Дараа нь мэдээж олон улсын түвшинд хүргэнэ. Бид Монгол судлалын төв номын сан болох амбицтай яваа гэж хэлсэн шүү дээ, энэ нь тэдгээр сан хөмрөгүүддээ суурилсан судалгааг хийх явдал юм. Монголчууд яагаад хоёр том гүрний дунд өдий болтол оршин тогтноод байна вэ? Монгол хүний оюун санаа яагаад ялагдашгүй байна вэ? Гурван сая монголчууд яагаад том гүрний нөлөөнд авталгүйгээр оршин тогтноод байна вэ гэсэн нууцыг тайлаасай гэж хүсэж байна. Буддын шашны эрдэмтэн судлаачдад төвөд ном судар нь гайхамшигтай судлагдахуун болж чадна.

-Монголчууд есөн эрдэнээр ном судар бүтээж ирсэн уламжлалтай ард түмэн. Төвөд номын сан хөмрөг гэхэд дэлхийд хосгүй сан хөмрөгт тооцогддог гэж сонсож байсан юм байна.

-Нэг сая гаруй ном судар байна. Гэхдээ бид яг таг тоо хэлж чадахгүй байна. Учир нь, тэдгээр ном судрыг баринтгаас нь гаргахаар дотор нь он цагийн хувьд ялгаатай 4-5 төрлийн судар байж байх жишээтэй. Эсвэл кириллээр бичсэн Алтангэрэл судар гараад ирдэг. Дэвтрийн цаасан дээр бичсэн нэг сайхан үлгэр гараад ирдэг. Тийм олон төрлийн бичгийн дурсгал нэг баринтагт байж байдаг. Үүнийг судар гэж тоолох ёстой. Яагаад гэвэл тэдгээр нь монгол бичгийн соёлыг хадгалж үлдэж байгаа нэг элемент юм. Тэдгээр нь судлагдахуун мөн үү гэвэл мөн. Тиймээс бид архивлаж үлдээх ёстой юм.

 

-Дэлхийн хүн зоны бахархал болсон Конгрессын номын сан гэхэд дэлхийн бүх шилдэг номыг цуглуулах уриа дэвшүүлсэн гэдэг. Үндэсний номын сан сан хөмрөгөө хэрхэн баяжуулж ирэв?

-Онхууд овогт Сангажавын Жамъян гүн өөрийн анд нөхөдтэйгээ нийлж, Монголын оюун санаа, ой дурсамжийн барагдашгүй сан хөмрөгийг цогцлоосон түүхтэй. Судар бичгийн хүрээлэнгийн сууринаас Үндэсний архив, Монгол хэл зохиолын хүрээлэн, Үндэсний номын сан зэрэг байгууллагаар хүрээгээ тэлж, монголчуудын амин оршихуйтай ойр, зүрх тархины гүнд ажилласаар өнөөгийн 100 гаруй жилийнхээ түүхийг бичээд байна. Үндэсний номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад үе үеийн төр засгийн тэргүүн нар хийгээд ард түмэн өөрсдөө хамгийн их үүрэг гүйцэтгэсэн.

 

Бид 3 мянган сүм хийд, 30 мянган лам хуврагийнхаа амиар Монголын тусгаар тогтнол, монголын оюун санааг аварч үлдсэн түүхтэй. Тэдгээр эрдэмтэн лам нарынхаа үлдээсэн “үүц”-ийг айл гэрүүдийн бурхан тахлын хоймроос төдийгүй хад агуй, гуу жалганаас олж цуглуулсан гэдэг. Тухайн үеийн ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид их нөлөө үзүүлж, хөдөөгүүр явж цуглуулга бүрдүүлсэн байдаг. Түүнчлэн кирилл бичгийн соёлтой болсноор иргэд өөрсдийн уншиж чадахгүй байгаа ном судруудыг Үндэсний номын санд хандивладаг байсан жишээ олон.

 

Номын сангийн тухай хуульд улсын хэмжээнд хэвлэгдэж буй ном бүтээлүүдээс 3-аас дээш хувийг Үндэсний номын санд хандивлахаар тусгасан. Энэхүү заалтыг хэвлэн нийтлэгч бүр биелүүлж байна уу гэвэл хангалттай бус тоо гарна. Үүний зэрэгцээ “Ном худалдаж ав” гэж жилд 20-40 сая төгрөгийн төсөв өгдөг. Өнөө цагт ном хэвлэл ямар үнэ өртөгтэй билээ, 40 сая төгрөг гэдэг хэдий төгрөг билээ. Тиймээс бид хандивын аяныг жил бүр зохион байгуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөг багтахгүй болж, тэгснээр шинэ салбараа нээлээ шүү дээ. Одоо бид эрдэм шинжилгээний ном бүтээлүүдийг л цуглуулах зорилт тавьсан. ШУА-ийн 13 хүрээлэнтэй санамж бичиг байгуулж, эрдэмтдийн хэвлүүлж байгаа ном болгоноос сан хөмрөгөө баяжуулж байна. Энэ нь уншигчдаа судалгаа шинжилгээний ном бүтээлээр таслахгүй үйлчилье гэсэн эхний зорилго юм.

 

-Манай улс үндэсний хэмжээний хоёр номын сантай болчихлоо. Цаашид хэдий байр талбайтай болбол хангалттай юм шиг санагдах юм?

-Хоёр салбартай болсон чинь дүүрэг бүрд салбараа нээх юмсан гэж бодогдох болсон. Үйлчилгээний цар хүрээ нэмэгдээд, номын сангаар үйлчлүүлэгч дүүрээд ирэхээр мэргэжлийн хүний сэтгэл их гоё, жаргалтай болдог юм байна. Монгол Улсад аз жаргал хэрэгтэй, инээд хэрэгтэй, хайр хэрэгтэй. Энэ бүхэн номын санд л байдаг юм байна. Номын сангийн орчин бол хүн өөрөө өөртэйгөө уулзах, номтой уулзахаасаа илүү номон дотроос өөрийгөө олж харах, тайвшрах боломжийг олгодог учраас номын сан бол аливаа хүний хоёрдогч гэр юм. Тэнд жинхэнэ хүмүүнлэг, ёс суртахуунлаг, оюунлаг үйлчилгээ байна шүү гэдгийг эрх баригчдад ойлгуулж, тэр тусмаа хандивлагчдад ойлгуулах хэрэгтэй байна. Тэгснээр төрийн ачаанаас хувийн хэвшлийнхэн маань үүрэлцэнэ. Орон сууцны хороолол дунд номын сан байгуулаач, номын ертөнцийн жижигхэн буланг төлөвлөж байгаач гэсэн уриалгыг гаргамаар байна. Дэлхий нийтэд харуулахыг, дэлгэхийг хүсэж байгаа олон сайхан сан хөмрөг хуучин номын сангийн хоёр жигүүрт дараатай байж байна. Тэрхүү сан хөмрөгтөө тулгуурлан, Дэлхийн монгол судлалын төв номын сан болох амбиц бидэнд байна. Эрдэмтэд маань дэмжиж байна, уншигчид маань дэмжиж байна. Яагаад бид Конгрессын номын сан шиг болж чадахгүй гэж. Цэндийн Дамдинсүрэн шиг, Бямбын Ринчен шиг бидний бахархал болсон шинэ үеийн эрдэмтэн, зохиолчид номын сангаас л төрнө.

 

Монголын Үндэсний номын сан яг улстайгаа адилхан. Улстайгаа адилхан гэдэг нь дэлхийн хэт их соёлын нөлөөлөл туссан цөөхөн хүн амтай орны зовлонг цөөхөн уншигчтай номын сан яг адилхан үүрч яваа гэсэн үг. Монгол хэл өнөөдөр мөн ялгаагүй олон хэлний дарангуйлал дунд байна. Улс орны оршин тогтнох гол хүчин зүйл нь газар нутаг бол, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн гол дархлаа нь монгол хүн юм. Дэлхийд ялгарах гол онцлог нь монгол хэл юм. Тиймээс л Монголын Үндэсний номын сан олон хэлний түрэмгийлэл, олон соёлын нөлөөг сөрж “зогсож” байгаа тул оюун санааны үүц нь ч, хөгжлийн хүрд нь ч манай номын сан юм хэмээн улиглан улиглан хэлээд байгаа юм. Тиймээс бид монгол хүүхдүүдийг жинхэнэ монгол хүн болгохын тулд Монголынхоо утга зохиол, түүх, хэл, соёлын гайхамшигт өв уламжлалтай илүү ойр дотно байлгахын тулд манай 100 гаруй ажилтан хоёр ээлжээр өглөө үдэшгүй ажиллаж байгаа юм шүү дээ.

-Номын сан ямар байхаас, номын санч хэн байхаас ирээдүйн замын зураглал харагдана гэж хэлээд байна уу?

-Тэгэхээр улс орны үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн төлвийг их холоос харж, агаар тэнгэрийн юм бодох хэрэггүй. Монгол хүнийг монгол хүн байлгах, Монгол Улсыг Монгол Улс шиг оршин тогтнуулах нь хүн бүхнээс хамаатай. “Ширхэг энэхэн чулуунаас эх орон эхэлнэ” гэдэг шиг Үндэсний номын сангийн нэг ажилтан хэдэн сайхан уншигч хүүхэд бэлдэж Монголын утга зохиолд дурлуулах, Монголынхоо түүхийг сонирхон судлуулах тэр сайхан сэтгэгдлийг тавьж өгөх нь бидний эх орныхоо төлөө хийж байгаа ажил юм.

 

Сүүлийн үед олон хэлний ном унших уншигчдын тоо улам нэмэгдэж байна. Хятадаар, солонгосоор, англи хэлээр уншъя гэх болсон. Яг энэ сонирхол дээр дөрөөлүүлээд, эх зохиол нь энэ байна, орчуулга нь энэ байна гэж чиглүүлэх жишээний. Энэ нь аминчхан үзэл юм шиг боловч бидний хувьд энэ бол том үзэл юм. Бид үүнийгээ жалга довны юм ярилаа гэдэг шүү дээ. Ингэж бодсоноосоо болж гаднын хэл соёлын нөлөөнд хэт их автсан. Гаднын хэл соёлын нөлөөнд хэт их автсанаасаа болоод монгол хүний төв үзэл, мөн чанар, монгол хүнийг монголоор нь байлгадаг олон том алхмаас ухарсан.

 

Харамсалтай нь бид шат дараалсан арга хэмжээ авч чадахгүй байснаар номын санчийг бэлтгэх сургууль маань элсэгчгүй болчхоод байна. Энэ нь зөвхөн манай номын сангийн салбарт тулгарч байгаа асуудал биш л дээ. Манай улс өнөөдөр мэргэжилтний хомсдолд орсон. Монголын тархи гоожиж байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Номын сан өөрөө ид шидтэй орон зай учраас өөрийгөө мартсан, өөрийгөө золиосолсон хүмүүс энэ их өргөөнд ажиллаж байна. Нийгмийн бүх цаг үеийн ширүүн ширвэлтэд тэсвэрлэж, зуун жилийн түүхийг бичилцсэн, сан хөмрөгөө өдийг хүртэл үнэнчээр “манаж” ирсэн номын санчдаараа би үргэлж бахархдаг. Яг ийм сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс байгаа учраас л Монгол Улс оршин тогтнож байна. 


Саяхан нэг хүн надад “Одоо цагт номын сан хамгийн хэрэггүй зүйл болчихлоо. Хүмүүсийн гар утсанд номын сан байдаг болчихлоо. Тийм байхад номын санд очиж ном унших ямар шаардлага байна вэ” гэж хэлж байна лээ. Ийм бодолтой хүн олширвол номын санчаар ажиллах хүмүүсийн урам нь хугарах байтугай, ууц нь хугарна. Ийм бодолтой хөгжил шийдэгчид байх юм бол Монголын оюун санаа алга болно. Монголын оюун санаа алга болох юм бол Монгол Улсын тусгаар тогтнол үгүй болно. Тэгэхээр энэ мэт харь сэтгэлгээтэй хүмүүсээс үндэсний оюун санааны дархлааг хамгаалахын тулд улс орноо монголоор нь авч үлдье гэсэн чин эрмэлзэлтэй, эрдэмтэн мэргэдтэй эн зэрэгцэхүйц номын санчдыг төрүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Тиймээс номын санд ажиллаж байгаа хүн нэг бүрийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд мэрийж байна.

 

-Үндэсний номын сангийн түүхэнд хамгийн ховор судар, ном бичгийн дурсгалыг хэн гэдэг хүн хандивлаж байв. Түүхийн сонирхолтой баримтаас дурдвал уншигчдад сонин байж мэдэх юм.

-Ном хандивлагчдын тухайд бол эртнээс эхтэй. Ганц жишээ дурдахад, дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Данжуурын гэрэлт хөшөөг хэлэх байна. Энэ нь Данжуур судруудын олон ботийг Монголд шилжүүлэн өгөхдөө гэрээ бичиг үйлдсэн бичгийн хөшөө юм шүү дээ. Ингээд бодохоор хамгийн үнэ цэнтэй бүтээлүүдээ Үндэсний номын сандаа хадгалуулж байжээ. Дээрээс нь Далай лам нарын өргөн барьсан судрууд, санскрит үсгийн дал модны навчин дээр бичсэн судрууд гэхчлэн хандивын журмаар ирсэн онцгой бүтээлүүд олон бий. Хамгийн сүүлд Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа найрагчийн хүүхдүүд гэрээслэлийнх нь дагуу аавынхаа номын сангийн тодорхой хэсгийг Үндэсний номын санд хандивлалаа.

 

Өөр нэг жишээ бол, “Номын баринтаг” төсөл. Манай номын сан өдгөө шалдан сударгүй болж, хамгийн үнэтэй торгоор номоо баринтагладаг ард түмэн хэвээрээ үлдсэн. Энэ бүхэн хандивлагчдын буян. Энэ бүх үйл нь номын санг амьд байлгах гэж тэмцдэг Монголын ард түмний буян юм. Монгол Улсад хаа очиж намын үүр, номын сан хоёр эх орны минь өнцөг булан бүрд байсаар байх юм даа. Энэ эрчийг алдуулалгүй, дэвэргэх ёстой үйл хэрэг бол номын санг хөгжүүлэх үйл хэрэг яахын аргагүй мөн.

-Жил бүрийн хавар намарт “Номын баяр”-ыг төв талбай дээрээ зохион байгуулдаг болоод хэдэн жил өнгөрлөө. Тус баярт оролцож байгаа зохиолч, хэвлэн нийтлэгчид, худалдан авч байгаа ном сонирхогчид, өдөрлөгийг үзэж яваа хүүхдүүдийг харахаар манай улсын номын зах зээл их ирээдүй байна даа гэж бодогддог шүү?

-Монголын Үндэсний номын сангаас анх санаачлан хэрэгжүүлсэн “Номын баяр” нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хаана хүрч болдгийг харуулж буйн нэг илэрхийлэл юм. Бидний гаргасан санаачилгыг “Номын соёлт ертөнц” ТББ залгуулж, олон нийтийн арга хэмжээ болгож чадсан. Бид үүгээрээ дамжуулж нийслэл хотоо “Номын нийслэл” болгох давхар амбицтай яваа. Мэдээж энэ өдөрлөгийг өөдрөгөөр харахаас өөр аргагүй. Одоогийн нөхцөлд хамгийн эрч хүчтэй яваа, цаг үетэйгээ хамгийн их зохицсон соёлын эвент бол номын баяр. Энэхүү өдөрлөг маань нийслэлээсээ тэлээд, аймаг, сумын түвшинд очсонд баяртай байгаа. Энэ бол номтой монгол гэдгээ дэлхий нийтэд харуулж байгаа нэг сайхан үйл хэрэг юм. Үүнийгээ дагаад хувийн хэвшлийн номын сангууд үүд хаалгаа нээж байна. Тухайн хүн уншиж байна гэдэг нь ямар нэгэн байдлаар уураг тархиа, оюун санаагаа номоор дүүргэж байгаа хэрэг. Тиймээс ном гэх агуулгад нэгдэж байдаг, номын хөгжлийг дэгжээж байдаг, номын утга чанарт үйлчилж байдаг хүн бүхнийг би хурайлан дэмждэг.

 

-Дэлхийн Монгол судлалын төв номын сан болох амбицтай яваа гэж яриандаа дурдсан. Энэ амбиц хэр холын мөрөөдөл юм бол?

-Би нэг түүх яръя. Нэг удаа би Тайванд очив оо. Нэгэнт очсоных “Монголын нууц товчоо”-ндоо мөргөе гэсэн хүсэлтээ Тайванийн үндэсний номын сангийнханд тавьсан юм. Хэдэн давхар хаалганы цаана цайз шиг юм руу орууллаа. Монголчуудын бичгийн дурсгалыг хадгалдаг тасгийн эрхлэгч нь гээд, тэндээ бүх насаараа ажилласан нэг өвгөн байна. Төмөр сейфтэй, сейф дотроо цагаан зандан модон хайрцагнаас “Монголын нууц товчоо”-г гаргаж ирдэг юм байна. Харсан даруйдаа хамар шархираад сонин болж байгаа юм. Тэгээд Нууц товчоондоо мөргөсөн чинь Тайванийн Үндэсний номын сангийнхан бүр гайхчихсан. Монгол хүн өөрийнхөө түүх дурсгалд мөргөдөг гэдэг ойлголт тэдэнд байдаггүй байх нь. Тэр цагаас хойш намайг ямар нэг ид шидтэй хүн явж юм шиг хүндлээд, бөхөлзөөд эхэлсэн. Уг нь номд мөргөнө гэдэг зүйл монголчуудын хэнийх нь ч хувьд байдаг л зүйл. Өнөөгийн монгол хүний оюун санаа, уншигчдын мэдлэгийн түвшинг харахад энэ цаг холгүй байх.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ