ЗАВХАН: Хүүхдийн найрал дууны наадамд Дэвшил сургуулийн хамтлаг оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-22 12:37:46

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадамд Идэр, Дэвшил, Завханмандал, Чандмань-Эрдэнэ сургуулийн 120 гаруй хүүхэд оролцож өрсөлдлөө.


Улиастай сумын Ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн найрал дууны хамтлаг аймагтаа тэргүүн байр эзэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит улсын уралдаанд оролцохоор болов.


Аймгийн шалгаруулалтын дэд байрт Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн найрал дууны хамтлаг, гутгаар байрт Завханмандал сумын Бүрэн дунд сургуулийн найрал дууны хамтлагууд шалгарсан байна.


Найрал дууны наадам нь ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээлийн сургалтын түвшнийг ахиулж, хөгжмийн багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг талдаа хөгжмийн хичээлийн олимпиад болдог.


Үр дүнд нь хүүхдүүдийн дуулах чадвар сайжирч, багийн эв нэгдэл, хариуцлагатай тууштай байх зан чанарт хүүхдүүд суралцдаг. Багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн үр өгөөжтэй улсын хэмжээний наадам болон өргөжсөн байна.

Дүүрэг, аймгуудаас шалгарсан шилдэг хамтлагууд, наадмын І шатны шалгаруулалтад оролцоно. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах юм.

Наадамд оролцох хамтлагууд З бүтээлээр оролцоно. Нэгдүгээрт заавал дуулах дуу буюу Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуягийн хөгжим, Г.Энхчимэгийн шүлэг "Монгол хүүхэд”, хоёрдугаарт хөгжмийн хамсраатай найрал дуу, гуравдугаарт дан найрал дуу /а капелла/-г дуулах юм гэж Завхан аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.


Хүүхдийн найрал дууны наадмыг анх 1993 оноос нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 30 дахь удаагаа зохион байгуулж байна. 


Улиастай сумын Ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн найрал дууны хамтлаг 

Холбоотой мэдээ