ЗАВХАН: Байгалийн түүхийн музейд үнэт үзмэрүүд дэлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-22 13:04:11

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музей байгуулсны 100 жилийн ойн хүрээнд үнэт үзмэрүүдийн үзэсгэлэнг Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ.


Завхан аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бурхны шашны 46 дэсийн 66 үнэт үзмэрээр "Завхан нутгийн өв" түр үзэсгэлэнг 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 4 хүртэл Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ.


Улаанбаатар хотын иргэд болон гадаадын жуулчдад зориулж дэглэж буй үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг хангаж байна. Үзэсгэлэнд дэлгэж буй үнэт үзмэрүүд дунд Монголд дөрвөн ширхэг байдаг шүрэн баг, 9 эрдэнээр өнгө оруулан бүтээсэн Жадамба судар, 11 тэргүүнтэй Жүжигшил Жанрайсиг гэхчлэн үзмэрүүд багтсан байна. 


Мөн Дилов хутагт Жамсранжавын шашны ёслолын малгай, Монгол Улсын Ерөнхий сайд Жалханз хутагтын тахилын мөнгөн цөгц гэх мэт дахин давтагдахгүй үнэт үзмэрүүдийг дэлгэн үзүүлнэ гэж Завхан аймгийн Музейн захирал Ж.Юнрэндорж мэдээлэв.


Завхан аймгийн музейг 1924 онд байгуулсан. Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 10500 гаруй үзмэртэй.

Аймаг, орон нутгийн онцлог бүхий Орон нутгийн музей, Алдартны музей гэсэн хоёр төрөлжсөн музейн нийт 18 танхимд үзмэрээ дэглэн олон нийтэд үзүүлж байна. 



Монголд дөрвөн ширхэг байдаг шүрэн баг

Завхан аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалагдаж байгаа шүрэн баг нь Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дахь Хуягтын хүрээний буюу Далайн Чойнхор вангийн хошууны урчуудын бүтээл хэмээн бүртгэгджээ.


Арван догшин хангалын нэг болох Жамсран бурхны нүүрний баг болох уг бүтээл нь будааны ширхэг мэт 6800 гаруй ширхэг шүрийг хэлхэж хүний нүүрний булчингийн хэлбэрээр шигтгэж урласан онцлогоороо бусад шүрэн багаас ялгардаг. 


Хийц ур нь цаас, будааны хэмжээтэй улаан шүр, будаг оролцуулан хөөмөлдөж бүтээсэн. Нэг ширхэг шүрний цэвэр жин нь 1665 гр бөгөөд маш уран нарийн хийцтэй шашны ховор бүтээл юм. 1950 онд анх музейд ирж одоог хүртэл түмэн олны нүдийг хужирлаж байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд ховор бүтээлд ордог XVIII зууны сүүл үеийн шашны ховор бүтээл. Энэхүү бүтээлийг ид шидтэй гэж ярих нь ч бий. Учир нь музейн гол үзмэр болсон уг багт хүн аминчлан сүслэн залбирвал үйлс нь бүтдэг хэмээн нутгийнхан одоо ч ярьдаг.


 Уран Сүрангийн бүтээлүүд

Холбоотой мэдээ