“Болор цом-42” яруу найргийн наадам Улс тунхагласны баяраар болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадмын тов гарч, бүртгэл эхэлжээ.
Дөчин хоёр дахь удаагийн наадмын эхний шатны шалгаруулалт ирэх сарын 22-нд, сүүлийн шатны шалгаруулалт 26-нд болох юм. Энэхүү наадамд найраг шүлгээ сойх, оролцох хүсэлтэй хэн бүхэн 2024 онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ ирэх сарын 20-ны 20:00 цагаас өмнө МЗЭ-ийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар илгээх эсвэл Монголын зохиолчдын ордны 207 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой гаргацтай бичиж илгээх ажээ. “Болор цом 42” наадамд сойх бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх шаардлагыг тавьдаг билээ.
Наадмын тэргүүн шүлэгч, “Болор цом”-ын эзэн ирэх сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдөр Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.
Ташрамд дурдахад өнгөрсөн жилийн “Болор цом”-д 137 найрагч шүлгээ уралдуулснаас
яруу найрагч С.Начин түрүүлж, модернист найрагч Б.Галсансүх дэд байрт шалгарч
байв. Харин МЗЭ болон Б.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга, Хөвсгөлийн
найрагч О.Элбэгтөгс, залуу найрагч М.Дэвээжаргал айрагдаж байсан юм.