БАЯНХОНГОР: Янгир сэлгэн нутагшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-24 10:22:37

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Янгирт сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, сүргийн бүтцийг сайжруулахаар сэлгэн нутагшуулах ажлыг зохион байгуулжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг дэвсгэрээс 5 бодгаль янгир барьж, 1 бодгальд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж буцаан тавьж, 4 бодгаль янгирыг Өлзийт суманд сэлгэн нутагшуулжээ. Тэдгээрээс нэгт нь мөн сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж тавьсан байна.


Янгирын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, тус амьтны улирлаар байрших горим, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нөхцөл, уулсын экосистемд гүйцэтгэх үүрэг, түүнд орон нутгийн малчид хэрхэн дасан зохицох, түлхүүр зүйл амьтдаар дамжуулан байгалийн тэнцвэрт байдал, өөрчлөлтийг хэрхэн даван туулах арга замыг ойлгуулж, байгальтайгаа дасан зохицох төлөвлөлтийг бий болгох зорилготой тус ажлыг зохион байгуулсан байна.

Тус ажилд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Баянхонгор аймгийн Байгаль орчны газар, Бууцагаан сумын ЗДТГ, Өлзийт сумын ЗДТГ, "Сар уул од тур" ХХК, "Ажийн болор" ХХК хамтран оролцож, гүйцэтгэгчээр Агнуурын менежментийн "ТЭХ" төв ажиллажээ.

Тухайн сумдад ховор ан амьтдаас аргаль, янгир, буга, шилүүс, суусар, нохой зээх, дорго, чоно, үнэг, тарвага, чандага зэрэг элбэг байх ба нутгийн баруун хэсэгт цагаан зээр, хар сүүлт тохиолдох нь бий.


Холбоотой мэдээ