Тогтвортой инновацыг хөгжүүлэхэд дэлхийн удирдагч нарын үүрэг оролцоо, дээд боловсролын тогтолцоог чухалчиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-10-25 16:13:25

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” гурав дахь удаагийн чуулга уулзалт Тогтвортой хөгжлийн 9 дүгээр зорилт “Хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацыг дэмжих, тогтвортой дэд бүтцийг бий болгох сэдвийн дор энэ сарын 10-11-ний өдрүүдэд Стэнфордын их сургуульд боллоо.

 

Дэлхийн нөлөө бүхий эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогч, хөрөнгө оруулагч нар оролцсон тус чуулга уулзалтын “Тогтвортой инновацыг хөгжүүлэхэд дэлхийн удирдагч нарын үүрэг оролцоо, дээд боловсролын тогтолцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулсан нэгдсэн хуралдаанд НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, БНСУ-ын "Эвха" эмэгтэйчүүдийн их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Стэнфордын их сургуулийн нэрт эрдэмтэн Фрэнсис Фукуяма нар оролцсон байна.

 

Стэнфордын Их сургуулийн Ази Номхон далайн судлалын хүрээлэнгийн захирал Жи Вук Шин, "Тогтвортой хөгжлийн  9 дүгээр зорилтод хүрэх явцад тулгарч буй бэрхшээлийг бууруулах, хэрэгжилтийн үйл явцыг хурдасгах сайн туршлагыг үнэлэхэд энэ удаагийн чуулга уулзалт нь ихээхэн ач холбогдолтой"-г онцлон дурджээ.


Тус сургуулийн Солонгос судлалын профессор Уильям Ж.Пэрри, "Дэлхий дахинд тулгамдаж буй сорилтыг шийдвэрлэх, салбар дундын шийдлийг дэмжихэд Стэнфордын инновацын эко систем, салбаруудын хамтын ажиллагаа үр нөлөөтэй" хэмээв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар илтгэлдээ, "Дэлхий нийтийн хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс үндэстнүүдийн тэгш байдлыг хангах, түүний дотор хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол арга хэрэгслүүдийн нэг нь шинжлэх ухаан, технологи, инновацыг эрчимжүүлэх нь чухал. Үүний хүрээнд манай улс дэвшилтэт технологи, инновацыг дэд бүтцийн төслүүдэд бодитоор нэвтрүүлэх замаар илүү тогтвортой, хүртээмжтэй, “ногоон” нийгмийг бүтээхийг зорьж байна хэмээв.

 

Бан Ги Мун илтгэлдээ, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд улс орнуудын улстөрчдийн хүсэл чармайлт хамгийн их үр нөлөөтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд шийдлээс илүү саад бэрхшээл илүү  тохиолдож  байна. Бидэнд Б гараг байхгүй, бидэнд Б төлөвлөгөө байхгүй. 2050 он гэхэд бид нүүрстөрөгчийн ялгаруулалтыг дорвитой бууруулах ёстой. Аливаа нэг улс энэхүү сорилтыг дангаараа даван туулах боломжгүй тул бид хүчээ нэгтгэн дэлхийн хэмжээнд хүн бүр хамтран ажиллах ёстой хэмээн дурдсан байна.

 

Дэлхийн нэрт эрдэмтэн судлаач Франсис Фукуяма илтгэлдээ, Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулах нь чухал. Улс төрийн ялгаатай байдлаас үүдэн улс орон бүр бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс өөрийн орны улс төрийн тогтолцоондоо нийцсэн хэрэгжилтийн механизмыг бүрдүүлж, тал бүрийн ойлголцлыг нэгтгэж, уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах боломж бүрдэнэ хэмээв.

 

Энэ удаагийн чуулга уулзалт Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хурдасгахад олон улсын хамтын ажиллагааг өргөн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Энэ хүрээнд бүх оролцогч тал буюу эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, салбарын тэргүүлэгчид, иргэний нийгмийн мэргэжилтнүүд, сонирхогч талуудыг нэгдэхийг уриалжээ.

Зүүн гар талаас: Стэнфордын их сургуулийн Солонгос судлалын Уильям Ж. Перригийн нэрэмжит профессор Жийн Ой, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, "Эвха" эмэгтэйчүүдийн их сургуулийн 17 дахь ерөнхийлөгч Ким Үн Мэ, Стэнфордын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн хүндэт профессор Фрэнсис Фукуяма.

 

Холбоотой мэдээ