Ц.Базаррагчаа: Сүрьеэг бууруулахын тулд алсын хараатай бодлого, түүнийг хэрэгжүүлэх санхүүжилт хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-10-24 15:14:54

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын Сүрьеэтэй тэмцэх холбоо, ЭМЯ-ны Сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран “Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал” форумыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.


Дэлхий даяар 2022 онд 10.6 сая хүн сүрьеэгээр шинээр өвчилсөн бөгөөд тэдний 5.8 сая нь эрэгтэй, 3.5 сая нь эмэгтэй, 1.3 сая нь хүүхэд байна. Олон жил буурч ирсэн сүрьеэгийн тохиолдлууд дахин нэмэгдэж, 1.3 сая хүн сүрьеэгээр нас барсан нь “Ковид-19”-ийн дараа халдварт өвчнөөс үүдэлтэй нас баралтын хоёр дахь шалтгаан болжээ. ХДХВ-тэй хүмүүсийн дунд нас баралтын тэргүүлэх шалтгаан сүрьеэ өвчин хэвээр байна.

Монгол Улсад сүрьеэ өвчин нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал байсаар байна. Сүрьеэгийн тархалтад нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс гадна ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол нь эмчилгээ хийлгэхэд саад болж байгааг тогтоожээ. 2022 онд үндэсний хэмжээнд хийсэн судалгаагаар сүрьеэтэй хүмүүс эрүүл мэндийн байгууллагад ялгаварлан гадуурхагдаж, гэр бүлийн гишүүд нь олон нийтээс доромжлол амсаж байгааг харуулжээ. Иймд ТББ-ууд тогтвортой үйл ажиллагаа явуулахад хэрхэн төрийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах тухайгаа тодорхойлох шаардлагатай байгаа аж.

Тус форумын үр дүнд 2030 онд сүрьеэг устгах ДЭМБ-ын стратегийн нэгэн чухал хэсэг болсон иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах хүрээг тодорхойлж цаашид УИХ болон төрийн байгууллагуудтай хамтран Монгол Улсад сүрьеэг устгах ажилд нэгэн томоохон алхам хийх эхлэл тавигдах болно гэж зохион байгуулагчид үзэж байна.


Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн төслийн удирдагч, Анагаах ухааны доктор Ц.Базаррагчаа хэлэхдээ, “Дэлхий нийтэд сүрьеэг 2030 он гэхэд устгах том стратеги тавьсан. Манай улсад ч гэсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний шатанд орсон. Сүрьеэг бууруулах нь зөвхөн эрүүл мэндийн байгууллага төдийгүй, иргэний нийгэм, бусад салбартай холбоотой. Судалгаа нотолгоог бий болгохоос илүүтэй сүрьеэгээр өвдсөн хүмүүс олон нийтэд дуу хоолойгоо хүргэж байж энэ өвчин ялгаварлан гадуурхагдалгүйгээр эдгэнэ. Энэ жил “Сүрьеэгээс улбаатай ялгаварлан гадуурхлын үнэлгээ” болон “Олон нийтийн оролцоо, хүний эрх, жендэрийн үнэлгээ”-ний үр дүнг танилцуулж байна. Энэхүү судалгаагаар эрсдэлт бүлгийнхэн орхигдсон, ялгаварлан гадуурхагдаж, санхүүгийн том асуудалтай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжгүй байна гэсэн дүн гарсан. Тиймээс бид Монгол Улсад 2030 он гэхэд төртэйгээ хэрхэн холбогдож хамтын ажиллагааны хүрээгээ бий болгохоор зорьж байна. Монгол Улс дорвитой арга хэмжээ авахгүй бол Монгол Улс сүрьеэгийн өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй 30 орны нэгт орж байна. Үүнийг бууруулахын тулд алсын хараатай бодлого, бодлогыг хэрэгжүүлэх санхүүжилт хэрэгтэй” гэв.

Энэхүү форумаар төрийн болон төрийн бус байгууллагууд сүрьеэг устгахад юу хийх талаар тулгамдсан асуудлаа хэлэлцэв. Энэ удаагийн форумд “Эрүүл мэндтэй холбоотой хүний эрхийн нөхцөл байдал”, “Жендэрийн тэгш байдлын өнөөгийн нөхцөл байдал”, “Сүрьеэгээс улбаатай ялгаварлан гадуурхлын үнэлгээ” болон “Олон нийтийн оролцоо, хүний эрх, жендэрийн үнэлгээ”-ний үр дүнг танилцууллаа.





Холбоотой мэдээ