ХОВД: Шинээр сонгосон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хамгийн залуу нь 29 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-25 13:02:21

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Орон нутгийн сонгуулийн дүнгээр иргэдийн олонхын саналыг авч, Ховд аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өнөөдөр 9:30 цагт эхэллээ.

Хуралдаанд 41 төлөөлөгч оролцохоос 38 нь иржээ. 

Энэ удаа шинээр сонгосон төлөөлөгчдийн хамгийн залуу нь 29 настай бол хамгийн ахмад нь 54 настай. 


Анхдугаар хуралдааныг хуулийн дагуу шинээр сонгосон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Ц.Цогтбаяр удирдаж байна.


Хуралдаанаар долоон асуудал хэлэлцэнэ. Энэ хүрээнд эхлээд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэлийг Сонгуулийн хорооны дарга Б.Баярсүх танилцууллаа. 

 

Аймгийн  ИТХ-ын  2024 оны ээлжит сонгуулийн  28 тойргийн 41 мандатын төлөө таван намын төлөөлөл болон биe даагч гээд 90 нэр дэвшигч өрсөлдсөн.  Үүнээс  Монгол ардын нам 14, Ардчилсан нам 27 суудал авчээ.

 

Шинээр сонгогдсон 41 төлөөлөгч байгаагаас долоо нь эмэгтэй юм.

 

Мөн төлөөлөгчдийн 27 нь аймгийн ИТХ-д анх удаа сонгогдож байгаа бол зургаа нь хоёр дахь удаагаа сонгогджээ. Үүнээс гадна гурав дахь удаагаа сонгогдсон төлөөлөгч гурав, дөрөв дэх удаагаа сонгогдож буй төлөөлөгч тав байна.

 

Хуралдаан үргэлжилж байгаа ба одоо аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, хуралдааны дэг батлах тухай илтгэлийг хэлэлцэж байна.  

 

Холбоотой мэдээ