БУЛГАН: Улсын аваргаас волейболын өсвөрийн эмэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-10-28 09:04:28

Булган, 2024 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын Волейболын холбооны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй 77 багаас Булган аймгийн өсвөрийн эмэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртэж, аймгийнхаа түүхэн амжилтын эзэд боллоо.


Булган аймгийн волейболын эмэгтэй шигшээ баг улсын аваргын хүрэл медалийн төлөө Багануурын багтай тоглосон байна. Булган аймгийн волейболын хөгжлийг түүчээлэгч шилдэг багш спортын мастер А.Ханддорж, Спортын мастер Б.Батцоож нарын удирдлага дор бэлтгэл ханган оролцлоо.


Булган аймгийн Засаг даргын Шинэ хөгжлийн зам мөрийн хөтөлбөрт 12 төрлийн спортыг хөгжүүлэхээр, сургалт дасгалжуулалтын орчин бүрдүүлэх, төрөл тус бүрд мэргэжлийн ур чадвартай багш дасгалжуулагчидтай клубийн систeмээр ажиллуулах санаачилгыг дэмжих, спортын төрөл бүрд онцлогт нь тохирсон хувцсаа орон нутагтаа үйлдвэрлэх, спортын хэрэглэгдэхүүнээр хангах бодлого амжилттай хэрэгжиж байна.


Охидын багийн тоглолтын хувцасны өнгөний код шар, ногооны хослол нь алтан шаргал нар лугаа будаа тарианы нутаг, эко ногоон Булган гэсэн агуулгыг илтгэж буй. 











Холбоотой мэдээ