Монгол-Казахстан: Бизнесийн байнгын ажиллагааны механизм бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-10-28 13:26:31

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев өнөөдөр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол-Казахстан улсын бизнес уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д болж, хоёр орны хооронд Ажил хэргийн албан ёсны зөвлөл байгуулж, гарын үсэг зурж, санамж бичиг солилцлоо.

Ингэснээр Монгол-Казахстаны хоорондох бизнесийн хамтын ажиллагаа албажиж, байнгын механизм бүрдэж буйг уулзалтад оролцогч нар санал нэг цохон тэмдэглэж байв.




МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн энэ талаар хэлэхдээ, “Зөвлөл байгуулах саналыг анх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалтаар хоёр орны тэргүүн нар гаргаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, сайжруулах зорилгоор ажил хэрэг болгох чиглэлийг өгсөн. Үүний дагуу уг зөвлөлийг хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хариуцан ажиллахаар болж өнөөдөр анхны хуралдаан хийж байна. Удахгүй бид, Монголын талаас бизнесийн төлөөлөл Казахтсанд хариу айлчилж, хамтын ажиллагааг газар дээр нь мөн албажуулж ажиллана” гэв.




Зөвлөл байгуулах бас нэг шаардлага нь Монгол-Казахстан улсын эдийн засаг, бизнесийн харилцаа дэлхий нийтийг хамарсан цар тахал болон хуучин харилцаа суларсан зэрэг байдлаас болж, сүүлийн 10 жил идэвхгүй явсныг сэргээхэд оршиж байгааг тодотгож байна.


2023 оны байдлаар 76.7 сая ам.доллар байсан Монгол-Казахстаны хоорондох худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар 123 сая ам.доллар болоод байна.


Зөвлөлийг Казахстаны талаас хариуцан ажиллах тус улсын Гадаад худалдааны танхимын дарга М.Р.Каримсаков хэлэхдээ, өнөөдөр байгуулж буй хоёр улсын Ажил хэргийн зөвлөл нь Монгол-Казахстаны хамтын ажиллагааг дэмжин бэхжүүлэх том хөшүүрэг бүхий арга хэрэгсэл, хамтын ажиллагааны талбар болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.




Тэрбээр, хоёр орны хоорондох уламжлалт найрсаг харилцааг сэргээж, цаашид уул уурхай, аялал жуулчлал, мэдээлэл-технологи зэрэг өмнөх болон шинэ, олон салбарт хамтран ажиллах боломж их байгааг хэллээ.




Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар өнөөдөр манай улсад хийж буй Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын төрийн айлчлалын өмнөхөн болж буй бизнес уулзалтад Казахстан улсын Цахим хөгжлийн яамны сайд Ж.Х.Мадиев, ГХЯ-ны хөрөнгө оруулалтын хорооны дарга Г.А.Осланкулов тэргүүтэй бизнесийн, ажил хэргийн 60 гаруй төлөөлөл оролцож хоёр талын хооронд мэдээлэл технологи, аялал жуулчлалын салбарт 6 хэлцэл гэрээ байгуулав. Тодруулбал:

  • Казахстаны “QazBioPharm” болон Монголын “Жи Ди Пи Ветланд” компанийн хооронд нийлүүлэлтийн хамтын ажиллагааны,
  • Монголын “NCD групп” болон Казахстаны “Evergreen Investment” компаниудын хооронд хамтран ажиллах,
  • “Купрум Энержи” болон “Степпкупер” компаниудын хооронд харилцан ойлголцох санамж бичиг,
  • “Замын-Үүдийн чөлөөт бүсийн удирдах компани болон Казахстаны олон улсын хилийн бүсийн хамтын ажиллагааны төв “Хоргос” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгуулав. 


Холбоотой мэдээ