Хятадын сансрын нисгэгчид “Тяньгүн” сансрын станц руу хөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-10-30 09:49:13

БЭЭЖИН, 2024 оны аравдугаар сарын 30 /DW/. Хятадын гурван сансрын нисгэгч орон нутгийн цагаар өнөө өглөөний 04:27 цагт Хятадын Тяньгүн сансрын станц руу хөөрчээ.


“Шэнжөү-19 жолоодлогот хөлгийн бүрэлдэхүүнд багийн ахлагч Цай Шюйжэ, Сүн Линдүн, Хятадын анхны эмэгтэй сансрын нислэгийн инженер Ван Хаозэ нар багтсан байна.


Ван Хаозэ сэтгүүлчдэд хэлэхдээ, би бусадтай л адил сансрын станц руу очиж үзэхийг мөрөөддөг байлаа, даалгавар бүрийг нягт нямбай биелүүлж, сансарт өөрийн гэр орноо хамгаалахыг хүсэж байна гэжээ.


Хятадын сансрын нисгэгчид Сарны тоосго туршина


Хятад улс 2030 он гэхэд Саран дээр сансрын нисгэгчдээ буулгаж, 2035 он гэхэд Сарны судалгааны станц байгуулахыг зорьж байна. Үүний тулд “Шэнжөү-19 хөлгийн багийнхан Сарны хөрсийг дуурайлган хийсэн тоосгонууд нь өндөр энергийн цацраг, сансрын таталцлын нөлөөг хэрхэн тэсвэрлэхийг туршихаар төлөвлөж байна.


Дэлхийгээс барилгын материалуудыг илгээхэд өндөр зардалтай учраас Хятад улс Сарны хөрсөөр хийсэн тоосгоор ирээдүйн баазаа барих гэж байгаа ажээ.


Шэнжөү-19-ийн нислэгийн үеэр сансрын амьдралын шинжлэх ухаан, бичил таталцлын физик, материал, анагаах ухаан, шинэ технологи зэрэг салбарт сансрын шинжлэх ухааны технологийн 86 туршилт хийнэ гэж Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газрын /CMSA/ дэд дарга Линь Шицян мэдэгджээ.

 


Холбоотой мэдээ