ГОВЬ-АЛТАЙ: Цус харвалт залуучуудын дунд 20-26 хувийг эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь сургуулийн их эмчийн ангийн оюутнууд иргэдэд "Цусны даралтаа хэмжих" "Харвалтаас урьдчилан сэргийлэх" талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
Жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдрийг Тархины цус харвалттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасаг, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь сургуулийн их эмчийн 5,6 дугаар дамжааны оюутнууд иргэдэд "Цусны даралтаа хэмжих" "Харвалтаас урьдчилан сэргийлэх" талаар зөвлөгөө мэдээлэл хүргэжээ.
Тархины цус харвалт гэдэг нь тархины судас хагарч, эсвэл бөглөрсний улмаас тархины цусан хангамж алдагдаж, тархины эдийн өөрчлөлт үүсгэдэг нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт өндөртэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндрэл учруулдаг эмгэг юм.
Монгол Улс тархины цус харвалтаас шалтгаалсан нас баралтаар дэлхийд хоёрдугаар байрт, хөдөлмөрийн чадвар алдалтаар нэгдүгээрт бүртгэгджээ.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд харвалт нь залуучуудын дунд 20-26 хувийг эзлэх болсон нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Иймээс тархины цус харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлснээр тархины харвалтаас үүдэх үр дагавраас сэргийлэх боломжтой. Цус харвалт үүсгэх шалтгаан хүчин зүйлсэд цусны даралт ихсэлт, чихрийн шижин, цусан дахь өөх тос ихсэх, тамхи татах, таргалалт, судасны эмгэгүүд багтах бөгөөд эдгээр хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлснээр харвах эрсдэлийг 80 хувиар бууруулах боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага баталсан байдаг байна.