Сайжруулсан шахмал түлшний 88 мянган тонн нөөц бүрдүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-30 14:38:38

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд одоогоор 80 мянга гаруй, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.


Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. Ингэхдээ 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван удаагийн давтамжтай түлшийг тээвэрлэж байна. Нийт 650 борлуулалтын цэг ажилладаг.


“Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналт шалгалтыг 8, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 3 удаа хийв. Шалгалтаар сайжруулсан шахмал түлш, барьцалдуулагч, мидлингээс 24 дээж авч лабораторид шижилж, улсын байцаагчийн 10 дүгнэлт гаргажээ. Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангасан”-ыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.


Таван толгой түлш” ХХК-ийн төвийн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Халаалтын улиралд дунджаар 2 шугам ажиллаж, 600-800 тонн түлш үйлдвэрлэдэг. Зүүн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогоор хоногт 3 шугам 2100-2300 тонн түлш үйлдвэрлэж байгаа аж.

Холбоотой мэдээ