ДАРХАН-УУЛ: Мөсөн ордны шав тавих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-11-01 16:33:45

Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Өвлийн спортыг хөгжүүлэхээр Дархан хотод жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой мөсөн ордны шав тавих ёслол өнөөдөр боллоо. Улсын төсвийн 19.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай уг ордны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Хилийн цэргийн 0119 дүгээр анги ажиллана.


Төслийн захиалагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Дархан-Уул аймгийн ЗДТГ, хяналт хэрэгжүүлэгчээр БХЯ-ны харьяа Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ ажиллаж байна.


Өвлийн мөсөн ордонтой болох санаачилгыг анх Дархан-Уул аймгийн Хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, хоккейн спортын мастер Х.Батбаяр гаргаж, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны тэргүүн Б.Жавхланд хүсэлтээ илэрхийлжээ.


Удаан хүлээгдсэн уг асуудал өнөөдөр биеллээ олж  450 хүний багтаамжтай 7500 м.кв талбай бүхий спорт цогцолборын шав тавих ёслолд хоккейн спортын үе үеийн тамирчид, орон нутгийн удирдлагууд оролцлоо.


Барилгын ерөнхий төлөвлөлтөөр тамирчдын хувцас солих өрөө, шүршүүр, саун, мөсний машины өрөө, шүүгчийн өрөө, тэшүүр хадгалах, ажилтнуудын өрөө зэргээс бүрдэнэ. Мөн лед дэлгэц, хөгжмийн өрөө, бялдаржуулах танхим, сургалт, хурлын танхим, агуулах, зоогийн газар, хяналтын камер, дэлгүүр, техникийн өрөөнүүд гэсэн зохион байгуулалттай, гадна талбайд 216 автомашины зогсоолтой байхаар зураг төсөвт тусгажээ.


Аймгийн хоккейн холбоог 1992 онд албан ёсоор байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 18 тэргүүлэгч, үндсэн 200 гаруй гишүүн, өсвөрийн 200 орчим тамирчинтай үйл ажиллагаа явуулж байна.


Өнгөрсөн хугацаанд гаргаж байсан дээд амжилт нь үндэсний хоккейн лигийн тэмцээний 2020, 2021 оны хүрэл медаль, 2023 оны тэргүүн байр, алтан цомын эзэд өнгөрсөн онд болсон юм. Аймгийн хэмжээнд хоккейн спортын гурван дугуйлан хичээллэж байна.

 










Холбоотой мэдээ