Б.Золхүү: Соёлын үйлчилгээнээс авах иргэдийн сэтгэл ханамж бол бидний ажлын гол үр дүн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-04 20:54:40

Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. ССАЖЗЯаас жил бүр зохион байгуулдаг Соёлын бүтээлч сарын аян энэ сарын 1-нд улс даяар нээлтээ хийсэн. Аяны хүрээнд Сүхбаатар аймагт өрнөх соёлын үйлчилгээнүүд болон бусад мэдээллийн талаар Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Золхүүгээс тодрууллаа.


-Соёлын бүтээлч сар эхэллээ. Аяны энэ жилийн онцлогийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын ССАЖЗЯ-наас 3 дахь жилдээ орон даяар зохион байгуулж байгаа аян. Энэ жил түүхэн сод хүмүүсийн суу билгийг үлгэрлэн тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, гүн ухааныг хойч үе хүүхэд, залууст уламжлуулан, эх оронч хүнийг төлөвшүүлэх зориго агуулж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог болж байна.


-Аян гурав дахь жилдээ хэрэгжиж байна гэлээ. Өмнөх жилүүдэд орон нутагт гарсан өөрчлөлт, ахицыг юу гэж харж байна?

мнөх жилүүдэд юу хийх вэ, яах билээ гэж ихэнх байгууллагынхан боддог байсан. Шинэ газар учир хаа сайгүй адилхан байсан байх. Харин энэ жилээс 11 дүгээр сард бүтээлч сар болно гэж хамт олноороо ярилцан, анхнаасаа хийх ажлаа төлөвлөгөөндөө тусган ямар онцлогоо товойлгон гарган ажиллахаа тодорхойлдог болсон байна. Туршлагажсан гэж хэлж болно.


-Аяны хүрээнд танай газрын зүгээс ямар ажил, үйл ажиллагааг төлөвлөв?

-Манай газраас монгол ухааныг эрхэн хэлхээгээр хүүхэд, залууст өвлүүлэн уламжлуулахаар сургаал шүлэг гаргасан МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Ч.Эрдэнэбаатартай 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Бүх нийтийн, нийгмийн соён гэгээрэл, соёлын өвийг хамгаалах чиглэлийн цахим мэдээллүүдийг хүүхэд залуус, иргэдэд хүргэж эхэлсэн.

Аймгийн Угсаатны зүйн музей “Түүх мартахгүй 2 үзэсгэлэнг гарган зорилготойгоо нийцүүлэн их жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийг сурталчилж байна. Жаахан шарга театр хүүхдэд зориулсан "Буутай туулай" жүжгийг жилийн эхнээс бэлтгэн нээлтээ хийхэд хэдхэн хоног дутуу байна. Энэ жүжиг дээр зөвлөх найруулагч, МУУГЗ Л.Гомбосүрэн өөрөө ажиллаж байгаа нь бас онцлог. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран “Сод өв” цуврал нэвтрүүлгийг хийж, үүгээр соёлын өвийг тээгчдээ сурталчлан таниулж, алдаршуулж байна. Мөн "Агтана хүрээт" адууны өв соёлын наадамд оролцогчдод соён гэгээрлийн нөлөөллийн үйл ажиллагааг хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байна.


үхбаатар аймгийн бусад аймгаас ялгарах гол онцлог нь юу юм бэ?

үүхэн хүмүүс, яруу найрагч уран бүтээчид үнэт зүйлс ихтэй ч мэдээж бүх л нутагт адилхан байдаг. Гэхдээ жанжин Д.Сүхбаатар бол манай аймгийн нэрийг нь мөнхөлсөн аймаг сумтай улс орон, дэлхий даяар дуурсагдсан хүн. Нийтийн номын сан гэхэд Чингис хаан одонт, яруу найрагч МУСГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит. Сум болгон өөр өөрийн онцлог түүхтэй, алдар цуутай гайхамшигт хүмүүстэй. Онгон суманд гэхэд Ард түмний гавъяат М.Улаан “Миний нутаг сайхан" тоглолтоо хийж байгаа гэх мэт ялгарах онцлог зүйл мэдээж бий. Энэ сард МЗЭ-ийн эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 70 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд яруу найргийн “Дорнын хүлэг” наадам болж аваргаа тодруулах гэж байна.


-Аливаа ажил үйл ажиллагааг зохион байгуулахад иргэдийн оролцоо хамгийн чухал байдаг шүү дээ. Ер нь Сүхбаатар аймгийн иргэд аливаад хэр оролцоотой байдаг  вэ?

-Тийм  шүү. Хүүхдүүд л гол масс бүрдүүлдэг гэж хэлж болно. Сурагчдын бие даалтын 7 хоног яг энэ үед таарсан бол хэн хэндээ илүү үр дүнтэй ажил болохын зэрэгцээ сурагчид бие даан өөрсдийгөө хөгжүүлэх боломж жинхэнэ утгаараа байх байлаа. Харин насанд хүрэгчдийн идэвх оролцоо бас тийм ч сайн биш. Залуучууд бас хойрго. Ихэвчлэн төрийн албан хаагчид, албан байгууллагууд руу мэдээлэл өгч, урьж оролцуулдаг. Сумын түвшинд харин иргэдийн оролцоо тун дажгүй, бүр ахмадууд манлайлдаг. Энэ жилийн бас нэг давуу тал нь нэг сарын үйл ажиллагаанууд төлбөргүй болон хямдарсан үнэтэй байх юм. Хэдхэн хоногийн өмнө төсвийн тодотголоор манай салбарын сайдын оруулж байгаа төсөв буюу олон нийтийн эсргүүцэж байгаа соёлын эрхийн бичиг гэдэг рүү энэ үйлчилгээ яг чиглэж байгаа юм.


Өөрөөр хэлбэл энэ  бол бүх нийтийн боловсролд чиглэсэн маш зөв ажил гэсэн үг. Хүүхдэд зориулсан шинэ хөтөлбөрүүдийг бий болгосны үр дүнд эрхийн бичгээрээ тэр соёлын үйлчилгээнүүдийг хүүхдүүд хүртэх юм. Ингэснээрээ хүүхдэд соёлын боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх бас нэг гарц нээгдэж байгаа. Энэ бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуульд орсон заалт юм. Олон хүүхэд мөнгө төгрөгийн боломжгүйгээс шалтгаалан дуртай соёлын үйлчилгээгээ бас авч чадахгүй байгаа нь гашуун үнэн.


-Энэ жил та бүхэн ямар үр дүнг хүлээж байна?

-Соёл, урлагийн салбарын ямар ч үйл ажиллагааны үр дүн хамрагдагсдын сэтгэл ханамж байдаг.  Оролцсон үйл ажиллагаа нь сэтгэлийн цэнгэл эдлүүлж, соён гэгээрүүлж тайвшрал олгож, чөлөөт цагийг нь зөв сайхан өнгөрүүлж, шинэ мэдээ мэдлэг хүлээн авсан бол тэр хүн сэтгэл дүүрэн гарч, цаашаа хэчнээн хүнд баяртайгаар түгээх бол. Мэдээж тоон үзүүлэлт чухал ч сэтгэл ханамж илүү чухал. Оролцогчдын тоо өмнөх жилээс нэмэгдсэн бол тэр хэрээр сэтгэл ханамж дүүрэн байгаасай л гэж хүлээж байна.


-Соёлын үйлчилгээг түгээхтэй холбоотой орон нутагт тулгамдаж буй асуудал юу байна. Магадгүй энэ нь та бүхний ажилд сөргөөр нөлөөлөх тохиолдол байдаг уу?

-Соёлын үйлчилгээ явуулдаг орчин нөхцөл чухлаар яригдах болсон. Хүүхэд залуус, иргэд ахмадууд гээд хэн ч гоё газар гоё юм үзэхийг боддог. Гэтэл манайд нөхцөл байдал аймгийн төвдөө хүндхэн гэж хэлж болно. Баруун-Урт суманд соёлын төв байдаггүй. Театр, номын сан хоёр байгууллага нэг дээвэр дор байдаг гээд бэрхшээл бий. Харин сумын түвшинд харьцангуй сайжирсан. Сумд тохилог байр танхим, орчин нөхцөл, техник хэрэгсэлтэй болсон. Мэдээж нөгөө хүндрэл нь мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийн асуудал бий.


-Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт санал авах ажил үргэлжилж байгаа. Танай салбар ямар ажлыг нэн шаардлагатай гэж тусгуулахаар зорьж байгаа вэ?

-Манай салбар дан ганц соёл урлаг байхаа больж, аялал жуулчлал, залуучууд гээд өргөжиж байна. Театртаа их засвар хийхсэн, номын сан, музейгээ зориулалтын ганган байртай болгохсон, шинэ байргүй үлдсэн ганц нэг сумандаа соёлын төвтэй болохсон, бүр аймгийн төвдөө соёлын ордонтой болохсон гэсэн материаллаг мөрөөдөл их байна. Энэ бол төсөв мөнгө, цаг хугацаатай холбоотой. Бид нийгмийг соён гэгээрүүлэх, залуучууддаа чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Дээр нь зүүн бүсийг аялал жуулчлалын бүс болгохоор шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шинэ онцлог бүхий өөрийн гэсэн соёлын өвийн эвент бий болгох, хил орчмын аялал жуулчлалын маршрут дагасан нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх, орчин үеийн аялал жуулчлалын баазтай болох, нутгийн онцлогийг харуулсан шинэ уран бүтээл туурвих, хүн чулуудаараа гоёсон нэгдсэн фестиваль, хун шувуудаараа гоёсон бүжгийн наадам  хийдэг болох гэх мэт олон санаан дээр ажиллаж, судалж байна.


-Эцэст нь та соёлын бүтээлч сарын хүрээнд иргэд, уншигчдад хандаж юу гэж уриалмаар байна?

-Соёлын бүтээлч сарын үйл ажиллагаанууд зөвхөн соёл урлагийн байгууллагуудын дотооддоо хийж байгаа ажил биш иргэд хөдөлмөрчид хүүхэд, залуус, ахмадууд гээд хүн болгонд зориулагдсан. Тиймээс хүн бүр соёлын үйл ажиллагаануудад өргөнөөр оролцож, үзэж харснаа цааш нь дамжуулж, соёлыг түгээгээсэй л гэж уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.


 

Холбоотой мэдээ